Хөрөнгө, орлогын мэдүүлгийн дүн гарчээ
Авлигатай тэмцэх газраас төрийн албан албан тушаалтны 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн албан ёсны дүн гарсан талаар мэдээллээ.
Улсын хэмжээнд 39853 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 39850 мэдүүлэг гаргагч буюу 99,9 хувь нь мэдүүлгээ өгчээ.
Үүнээс хуульд заасан хугацаандаа 39848 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол хоёр мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж, гурван мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна.
Тухайлбал, Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуулын албаны дарга Ж.Самбалхүндэв, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсан, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Гэрэлт-Од нар мэдүүлгээ гаргаж өгөөгүй бол Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа, хүний нөөцийн газрын дарга А.Ундрах хуулийн хугацааг хожимдуулжээ.
Харин төрийн өндөр болон бусад 277 албан тушаалтан 100 хувь шинэчлэн мэдүүлсэн байна.
Мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын ангилал, зэрэглэлийг судлан үзэхэд нийт мэдүүлэг гаргагчдын
- 12181 буюу 30,5 хувь нь төрийн захиргааны албан тушаалтан,
- 12047 буюу 30,2 хувь нь төрийн тусгай албан тушаалтан,
- 7515 буюу 18,8 хувь нь улс төрийн албан тушаалтан,
- 4226 буюу 10,6 хувь нь төрийн үйлчилгээний албан тушаалтан,
- 269 буюу 0,7 хувь нь төрийн өндөр албан тушаалтан,
- 3612 буюу 9,2 хувь нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон бусад албан тушаалтан байгаа аж.