Засгийн газар

Тоон гарын үсгийн гэрчилгээ олгоно

А.Сэвжид
2016-03-15 04:29

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох  тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй" хамтран 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс тоон гарын үсэг, түүний гэрчилгээг иргэний үнэмлэхэд бичиж олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайханд даалгалаа.

Төрийн албан хаагчдад 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс тоон гарын үсэг, түүний гэрчилгээг олгож, холбогдох мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах арга хэмжээ авахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад, тоон гарын үсгийн гэрчилгээг төрийн албан хаагчийн иргэний үнэмлэхэд бичиж олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайханд тус тус даалгалаа.

Интернэт иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсноор түүнийг даган интернэт орчинд төрийн, санхүүгийн зэрэг төрөл бүрийн үйлчилгээ авах, гэрээ хэлцэл хийх болон албан бичиг илгээх, хүлээн авах зэрэг олон төрлийн үйлчилгээ, хэрэгцээ шаардлага үүсч байна. Цахим орчинд холбогдсон хүмүүс хоорондын итгэлцлийг бий болгох, мэдээллийг аюулгүй дамжуулах, нууцлан хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах, цахим орчинд иргэнийг таних, аливаа үйлдэл, хэлцэл, баримт бичгийн эзэн, эх сурвалжийг тогтоох асуудлыг тоон гарын үсэг найдвартай шийдвэрлэж чаддаг шилдэг шийдэл гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна.

Цахим гарын үсгийн тухай хуульд тоон гарын үсгийн гэрчилгээг тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд иргэн, аж ахуйн нэгжид олгохоор заасан бөгөөд гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Интерактив” ХХК болон “СССК” ХХК-ийн түншлэлд олгожээ. Уг түншлэл өөрийн дэд бүтцийг байгуулан “Мон Пасс” нэрийн дор зах зээлд үйлчилгээгээ танилцуулж байгаа бөгөөд тоон гарын үсгийн гэрчилгээг олгож түүний хэрэглээг түгээхэд бэлэн болсон байна. Тоон гарын үсгийг эзэмшсэнээр төрийн болон бизнесийн цахим үйлчилгээ, системд хандахдаа өөрийгөө  таниулж нэвтрэх, тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим баримт бичгийг цаасан хэлбэрээр гарын үсэг зурж, тамга дарсан баримт  адил хүчин төгөлдөр ашиглах, олон төрлийн үйлчилгээг цахим орчинд авах зэрэг олон давуу талтай юм.