Засгийн газар

Хотын интернэтийн хурд орон нутагт нэвтэрлээ

А.Сэвжид
2016-03-15 05:10

Хоёрдугаар сарын 29-ний Засгийн газрын хуралдаанаар улсын хэмжээнд интернэтийн үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргаж, энэ сарын 15-ны дотор хэрэгжүүлж эхлэхийг МТШХХ-ны газрын дарга Ц.Жадамбаа, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Маргад-Эрдэнэ нарт даалгасан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн 21 аймагт интернэтийг “Ижил үнэ – тэгш хурд”-аар өгөх боломжтой боллоо. Ингэснээр хурд гурав дахин нэмэгдэж, үнэ байршлаас үл хамааран ижил болж, Youtube-ээр бичлэг гацдаггүй үзэх боломж бүрдлээ.

Монгол Улсын хэмжээнд 285 сум сууринг хамарсан шилэн кабелийн сүлжээ байдаг ч үндсэн сүлжээгээр өгөгдлийг дамжуулах хүчин чадал нь нийт 2.5 Гбит/с байгаа юм. Энэ нь орон нутгийн хэрэглэгчдэд харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилсан зарим шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд хүрэлцээгүй байсан. Харин өнөөдрөөс орон нутгийн сүлжээнд өргөтгөл хийж, аймаг бүрд 1Гбит/с хурдтай сүлжээний багтаамжийг бий болгох ажлыг шат дараатай гүйцэтгээд байна.

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК өргөтгөлийн бэлтгэлийг хангаж, өнөөдрийн байдлаар 21 аймгаас 16 аймгийн төвийг 1Гбит/с багтаамжтай холбоод байгаа бол үлдсэн аймгуудыг ирэх сарын 1-ний өдрийн дотор холбох юм. Сүлжээний багтаамж нэмэгдэж, интернэтийн бөөний үйлчилгээний үнэ буурснаар орон нутагт харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, чанар дээшилж, байршлаас үл хамааран үнэ ижил байх, интернэтийг хэрэглээ өсөн нэмэгдэх өргөн боломж нээгдлээ. Өмнөх хурд буюу орон нутагт хамгийн дээд хурд болох 300kbps хурдтай интернет ашиглаж байгаа тохиолдолд гурван минутын урттай видео бичлэгийг бүрэн уншиж дуусахын тулд 270 секунд зарцуулдаг байсан бол одоо 80 секунд хангалттай.

Дашрамд дурьдахад Улаанбаатар хотод интернэт хэрэглээний 84 хувь нь төвлөрч байгаа тул хүн амын тал хувь нь амьдарч буй хөдөө орон нутгийн иргэдийн интернэт хэрэглээний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байсан. Түүнчлэн Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, өрх 1mbps интернэтийг 13 мянган төгрөгөөр ашиглаж байхад орон нутгийн иргэд 55 мянга, байгууллагууд 75 мянган төгрөгөөр худалдан авч байсан нь орон нутгийн иргэд хотынхны хэрэглэж байгаас 4-5 дахин бага хурдтай интернэтийг 4-5 дахин илүү үнээр хэрэглэж байна. Харин өнөөдөр энэ зөрүү үгүй болж байршлаас үл хамааран ижил тарифаар тогтмол хурдаар интернэт хэрэглэж боломжтой боллоо.