Нийгэм

Дөрвөн сайдаас бусдыг нь давхар дээлтэй байхыг хориглоно

А.Сэвжид
2016-03-16 10:16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан билээ. Тус хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд давхар дээлийн асуудлыг  дахин хөнджээ. Тодруулбал “Зөвхөн Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайд, Гадаад хэргийн сайд нар Улсын Их Хурлын гишүүний ажлыг хавсарч гүйцэтгэж болно” хэмээн хуулийн төсөлд заажээ. Гагцхүү эдгээр албан тушаалд л гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгалж бусад салбарын сайдууд парламентаас томилохгүй байхыг хуулиар хориглосон заалтын төсөлд тусгажээ. Түүнчлэн хууль батлагдсан тохиолдолд хэрэгжих хугацааг “Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайд шинээр томилогдсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн заасан байна.

Гэхдээ  тус хуулийн төсөл анх удаа өргөн баригдаж байгаа тохиолдол биш. Түүх сөхвөл 2014 оны хаврын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн мэдүүлсэн "Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцсэн. Гэвч чуулганаар уг асуудлыг оруулж, эцсийн хэлэлцүүлгээр санал хураахад нийт 74 гишүүнээс 39 нь татгалзаж хуулийн төслийг унагааж гишүүд “давхар дээл”-тэйгээ үлдэж, хуулийн төсөл эзэндээ үлдсэн. Харин хоёр жилийн дараа өөрийн санаачилсан хуулийн төслөө Ерөнхийлөгч дахин өргөн барилаа. Хэлэлцэх эсэх нь хаврын чуулганы нээлтийн дараа тодорхой болох биз.