Засгийн газар

Цементийн импорт 46, зөгийн балнынх 16 хувиар буурчээ

А.Сэвжид
2016-03-21 03:07

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хуралдаж, татвартай холбоотой хоёр асуудлыг хэлэлцлээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийн талаар Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Э.Алтанзул танилцуулсан юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу татварын хоёр дахь шатны шинэчлэлийг хийх ажлын хүрээнд Засгийн газар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Хуулийн төслийг УИХ хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн бөгөөд төсөлд татварын хувь хэмжээг өөрчлөхгүй, босгыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээр тусгасныг онцоллоо.

Мөн импортын зарим барааны гаалийн албан татварын хувь хэмжээний талаар Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох танилцуулга хийв. Засгийн газраас өнгөрсөн оны 8 дугаар сард дотооддоо үйлдвэрлэх боломжтой 5 нэр төрлийн 12 бараа, бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 20 хүртэлх хувиар нэмэх шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд дээрх төрлийн бүтээгдэхүүний импорт буурч, экспорт нэмэгдсэн байна. Тухайлбал, цементийн импорт 46, зөгийн балны импорт 16 хувиар тус тус буурч, экспорт нэмэгдсэнээр валютын гадагш чиглэсэн урсгалыг зогсоосон гэж хэллээ.

Хурлын төгсгөлд дээрх хэлэлцсэн асуудлуудтай холбоотойгоор Эдийн засгийн зөвлөлийн гишүүд тодорхой санал дэвшүүлж, холбогдох албаны хүмүүсээс тодруулга авлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.