Уул уурхай

'Энержи Ресурс' ХХК-иас УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой асуудлаар мэдэгдэл хийлээ

Bolor Rose
2016-03-21 04:00

"Энержи Ресурс" ХХК-иас УИХ-ын гишүүн Х.Баттулга, түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатар нарын төмөр замын төслөөр дамжуулан улсын хөрөнгө завшсан, Тавантолгойн ордыг үнэгүйдүүлэхийг оролдсон гэх мэдээллүүдийг эсэргүүцэн дараах мэдэгдлийг гаргажээ. 

 "Энержи Ресурс" ХХК-ийг улс төрийн ба хувийн зорилготой элдэв хэрэгт холбогдуулах гэсэн ор үнэслэлгүй мэдээллүүд гарч буйтай холбоотойгоор энэхүү мэдэгдлийг гаргаж байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга, түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатар нарын зүгээс олон нийтэд хандан удаа дараагийн мэдэгдэл хийхдээ Энержи Ресурс ХХК нь төмөр замын төслөөр дамжуулан улсын хөрөнгө завшсан, Тавантолгойн ордыг үнэгүйдүүлэхийг оролдсон гэх мэт утгатай, баримт нотолгоогүй элдэв мэдээллийг тараасаар байна. Энэ бүх ээлжит гүтгэлгүүд ор үндэслэлгүй болохыг бид хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

Тус компани нь 2012 онд Ухаа худаг-Гашуунсухайтын төмөр замыг улсын төсөв, татвар төлөгчдөд ямар ч дарамтгүйгээр, зөвхөн өөрийн босгосон хөрөнгөөр барихаар төсөл хэрэгжүүлж байсан бөгөөд бүтээн байгуулалтын хүрээнд 40 гаруй компанийн 750 орчим инженер, техникийн ажилтан ажиллаж байсан. Ажил хэвийн үргэлжилсэн бол экспортын төмөр замыг 2.5 жилийн дотор барьж, 2015 онд ашиглалтанд оруулан, 19 жилийн дараа төрд үнэ төлбөргүй хүлээлгэн өгөх байв. Гэвч 2012 онд Засгийн газраас төмөр замыг төрд шилжүүлж авах шийдвэр гаргаснаар 2013 оны 5-р сард Энержи Ресурс ХХК-ийн Засгийн газартай байгуулсан концессийн гэрээг цуцалж, бүтээн байгуулалтыг шууд зогсоон, төслийг төрд шилжүүлж авсан. Тухайн үед Зам тээврийн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам гэсэн нийт 3 яамны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, компаниас гаргасан бүх зардлыг албан ёсоор шалган баталгаажуулсныг нотлох акт, дүгнэлтүүд одоо ч аль аль талд хадгалагдаж байна.  Нягталж тогтоосон дүнг Засгийн газар хүлээн зөвшөөрсөн гэрээнд Засгийн газрыг төлөөлж тухайн үеийн Зам тээврийн сайд А.Гансүх гарын үсэг зурсан байдаг. Мөн нээлттэй хувьцаат компани гэдэг утгаараа бүх зардлууд олон улсын аудитаар шалгагдан баталгаажсан асуудал юм. 

Концессийн тухай хууль болон Засгийн газартай байгуулсан концессийн гэрээнд концессийг цуцалснаар тухайн талд учирсан бүх хохирол, чирэгдэл, тухайн хугацаанд олох байсан орлогыг тооцож, нөхөн олгохоор заасан байдаг. Энэ дагуу олон улсын арбитрт хандсан тохиолдолд нийт 239 тэрбум хүртэлх төгрөгийг нөхөн олгох ёстой байсны зэрэгцээ олон улсад Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд унах гэхчлэн олон эрсдэл байсан. Үндэсний компанийн хувьд улсынхаа нэр хүндийг бодож, зөвхөн бодит гарсан зардал болох 84 тэрбум төгрөг буюу тухайн үеийн ханшаар 60 сая доллартай тэнцэх дүнг хүүгийн хамт нөхөж олгох шийдвэрийг зөвшөөрсөн болно. Ийнхүү гүйцэд нягтлагдаад, бүрмөсөн цуцлагдаж дууссан асуудлыг бүтэн 3 жилийн дараа хэн нэг хувь хүн дур мэдэн үгүйсгэж, элдэв ашиг сонирхолд хамаатуулах нь хэрээс хэтэрч байна. Түүнчлэн Тавантолгой төсөлд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татахаар сонгон шалгаруулалт зарласан нь аль нэг компани, хувь хүний бус Монгол төрийн өөрийнх нь шийдвэр байсныг олон нийт мэднэ. Бид Засгийн газраас тавьсан болзол, шалгууруудыг хангасан үндэсний аж ахуйн нэгж гэдэг утгаараа санал хүргүүлж оролцсон бөгөөд оролцогчдыг ямар болзлоор хэрхэн сонгох, цаашид хамтран ажиллах эсэх нь цэвэр төрийн мэдлийн асуудал гэдэг нь ойлгомжтой юм.

Энержи Ресурс нь толгой компани болох ММС буюу Mongolian Mining Corporation-аар дамжин олон улсын хөрөнгийн биржид бүртгэгдсэн, үндэсний М-Си-Эс, Шунхлай, Петровис, Худалдаа Хөгжлийн Банк зэрэг томоохон компаниудаас аваад гадаад, дотоодын олон зуун хувь эзэмшигчтэй, нээлттэй хувьцаат компани бөгөөд санхүүгийн бүхий л үйл ажиллагаа нь хөрөнгө оруулагчдын нарийн хяналтан дор шалгагдаж байдаг. Хувийн хэвшлийн компанийн хувьд татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэггүй, санхүүгийн бүх эрсдлээ бие даан үүрдэг бөгөөд улсаас нэг ч төгрөгний татаас, дэмжлэг авсан удаагүй, эсрэгээрээ 2009 оноос хойш улсын төсөвт 760 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж, 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2 тэрбум гаруй долларын валютын экспортыг хийсэн. Тус компани улсад орлого оруулсан уу, хохирол учруулсан уу гэдгийг эрүүл саруул ухаантай ямар ч хүн ялгаж салган ойлгоно гэдэгт бид итгэдэг.

Иймд Энержи Ресурс ХХК-ийн улс орны эдийн засагт оруулсан бодит хувь нэмрийг зориуд үгүйсгэн дарагдуулах, ямар нэг байдлаар гутаан харлуулах, М-Си-Эс групптэй нэр холбон, хольж хутгах гэх мэт зохион байгуулалттай үйлдлүүдээ таслан зогсоохыг бид шаардаж байна. Удаа дараагийн энэ мэт гүтгэлэг, цуурхлууд нь ганц Энержи Ресурс компанид нөлөөлөхөөсөө илүүтэй Монголын дотоодын болон Монголд үйл ажиллагаа явуулдаг нээлттэй хувьцаат компаниудын хувьцааны ханш, олон улс дахь нэр хүнд, Монголын Засгийн газрын бонд, санхүүжилтийн боломж, зээлжих зэрэглэл гээд олон зүйлд асар сөргөөр нөлөөлж ирлээ. Цаашлаад, Монголын нүүрсний салбарын экспортын боломж, өрсөлдөх чадвар ч энэ хэрээр хумигдаж, төсөвт орох байсан татварын болон экспортын орлого, алдагдсан боломжуудаар дамжин бодит утгаараа эдийн засгийн хүндрэл болж нүүрлэн, хор хохирлыг нь жирийн ард иргэд амсч байна.

Эдийн засаг илт хүндэрсэн энэ үед улс оронд хөгжлийн бодит боломж, бодит ажил үйлс, гарц гаргалгаа чухал болохоос бус гүтгэлэг, хардлага сэрдлэг, олон нийтийг үймүүлж талцуулсан хий хоосон мэдээллүүд хэрэггүй нь тодорхой. Үндэсний компанийн нэрийг улстөрийн элдэв асуудалд байнга холбон ашиглаж, гүжир, гүтгэлэг мэдээлэл тараах зохион байгуулалттай үйл ажиллагаагаа зогсоохгүй тохиолдолд хууль, хяналтын байгууллагад хандана гэдгийг мөн үүгээр мэдэгдэж байна' гэжээ. 


  1. 202.179.26.* Зочин 2016-03-21 12:59
    ТТгоор өрөө дарах чнь үнэн л байсан бна да.
  2. 202.179.26.* Зочин 2016-03-21 12:58
    Ганц хүний мэдэгдлээс болж унадаг шатдаг хачин компани вэ