Нийгэм

МОНГОЛ ХҮН сансарт ниссэн өдөр

А.Сэвжид
2016-03-22 02:31

Сансар огторгуй гэсэн нэр томъёо 1950-иад оноос Монгол хэлнээ орж ирж. Тэгвэл сансрын нисэгч гэсэн үг 1961 онд ЗХУ-ын иргэн Ю.А.Гагарин сансарт анх ниссэнээр олны хүртээл болсон байдаг. Тэр үеэс яг 20 жилийн дараа Монголчуудын сансарт нисэх мөрөөдлийг биелүүлж талын малчны хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗХУ-ын иргэн Владимир Жанибековын хамт “СОЮЗ-39” хөлгөөр сансарт нисч түүхнээ нэгэн алтан хуудас нээсэн.  Тухайн үед Сансрын “Салют-6”, “СОЮЗ-Т4”, “СОЮЗ-39” хөлгийн цогцолбортой Байконур дахь удирдах төвд сансрын нисэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков, В.Коваленко, В.Савиных нартай хийж буй шууд ярилцлага телевизийн дэлгэцнээс удтал салаагүй гэдэг.

Түүх сөхвөл Монгол хүн сансарт нисэх үйл хэрэг 1976 оноос эхтэй. Тухайн үеийн МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны нууц тогтоолоор С.Жалан-Аажаваар ахлуулсан нислэгэд бэлтгэх комис байгуулагдаж байжээ. Тэрнээс жилийн дараа сансарт нисэх бэлтгэлд Сүрэнхорлоо, М.Ганзориг, Ж.Гүррагчаа, Д.Сайнцог нарыг сонгон авч оддын хотхонд бэлтгэлд явуулсан юм. Тэднээс М.Ганзориг, Ж.Гүррагчаа нар үлдэж бүх шалгуурт бүрэн тэнцэж, эцсийн шатанд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, малчны хүү Ж.Гүррагчаа сансарт нисэхээр болсон юм. Ж.Гүррагчаа, В.Жанибеков нар сансарт 7 хоног 20 цаг 42 минут буюу найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан аж. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ тодоос тод мөнхөлсөн. 

Ж.Гүррагчаа нь 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн. Улмаар 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцсан бөгөөд 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед Ж.Гүррагчаа ардын армийн ахмад цолтой байжээ. Харин түүнийг сансарт ниссэнийхээ дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнажээ.