Засгийн газар

Цаг уурын станцуудыг шинэчилнэ

А.Сэвжид
2016-03-22 04:16

Засгийн газрын ээлжит хуралдаан 3 дугаар сарын 21-нд болсон хуралдаанаар Цаг уур, орчны шилжилгээний салбарын техник, технологийн шинэчлэл, сүлжээний өргөтгөлийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.  

Энэ хүрээнд нэн тэргүүнд шаардлагатай байгаа Цаг уурын радарын станц болон мэдээлэл солилцох системийг шинэчлэх, сүлжээ байгуулах, суперкомпьютерийн хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх, цаг уурын улсын сүлжээний 180 салбарыг автомат станцаар хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтлоо.

Морин-Уулын радарын станцыг шинэчлэх, радарын улсын сүлжээ байгуулах болон Цаг уурын улсын сүлжээг автомат станцаар хангах үйл ажиллагааг санхүүжүүлэх гадаад болон дотоод эх үүсвэрийг судалж, шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Болор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нарт даалгав.

Сүүлийн үеийн цаг уурын радарын технологи дээр үндэслэн Монгол орны газар нутгийг бүхэлд нь хамарсан цаг уурын радарын сүлжээг байгуулснаар байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж, үүдэн гарах хор хохирлыг бууруулах боломжтой болох юм. Цаг уурын радарыг цаг агаарын сэрэмжлүүлэг, урьдчилсан мэдээ, иргэний нисэхийн цаг уурын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цаг агаарт зориудаар нөлөөлөх зэрэгт ашиглах боломжтой юм байна.