Нийгэм

Тэтгэврийн зээлтэй ахмадууд хамран зээлдэгчийнхээ бичиг баримтыг бүрдүүлээгүй бол БҮРТГЭХГҮЙ

Bolor Rose
2016-03-22 06:27

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй нийслэлийн ахмадуудыг өчигдрөөс бүртгэж эхэлсэн. Өчигдрийн байдлаар нийт 420 ахмад бүртгэлд хамрагдахаар ирснээс 183 ахмадыг бүртгэсэн байна. Үлдсэн 273 ахмадын бүрдүүлсэн материал нь шаардлага хангаагүй, дутуу бүрдүүлснээс  бүртгүүлж чадаагүй буцсан байна. 

Тиймээс та бүхэнд өчигдөр бүртгүүлэхээр ирсэн ахмадуудын гаргасан нийтлэг алдаа болоод анхаарах ёстой зүйлүүдийг дор нэгтгэн  хүргэлээ. 

-Бүртгүүлж чадаагүй буцсан ахмадуудын дийлэнх нь материалаа дутуу бүрдүүлсэн байжээ. Тиймээс та энэ зааврын дагуу материалаа бүрэн гүйцэд бүрдүүлээрэй. 

-Бүртгүүлэхээр ирсэн ахмадууд тэтгэврийн зээлтэй байгаа учраас орлогын 50 хувьд хүрэхгүй буцаагдсан байна. Тиймээс ахмадууд тэтгэврийн зээлтэй бол  батлан даагч буюу хамтран зээлдэгчийн бичиг баримтыг мөн бүрдүүлэх шаардлагатай аж. 

- Бүртгэлд хамрагдах иргэд зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авах шаардлагагүй. ТОСК нь Монгол банктай хамтран таны зээлийн мэдээллийг шууд гарган, шалгаж байгаа юм байна. 

- Бүртгүүлэхээр ирж байгаа иргэд ТОСК-ийн гадаа оочерлож, дугаарлаж, хонох шаардлагагүй. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй бүх иргэнийг бүртгэж харин дараа нь сугалаагаар хэн түрээсийн орон сууцанд суухыг тодруулах аж.