Улсын их хурал

Ажлаа муу хийвэл ард нийтээрээ санал хураана

А.Сэвжид
2016-03-22 08:18

Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл төрийн үйл хэрэгт шууд оролцож болох бөгөөд хамгийн чухал хэлбэр нь ард нийтийн санал асуулга юм

Манай улсад үүнтэй холбоотой “Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг  1995 онд батлаж байсан ч чөнгөрсөн хугацаанд нэг ч удаа ард нийтийн санал асуулга явагдаж байгаагүй аж.

Харин уг хуулийн 6 бүлэг, 24 зүйлтэй шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн намрын чуулганаар УИХ баталсан.. Ингээд хуулийн онцлох заалтуудыг уншигч танд хүргэж байна.

Санал асуулгын зарчмын тухайд

3.1.Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ.

3.2.Санал асуулга бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бүр оролцох эрхтэй.

3.3.Сонгогч санал асуулгад ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргана.

 Санал асуулгаар шийдвэрлэх асуудлын тухайд

 4.1.Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд санал асуулга явуулна.

 4.2.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно. 

4.3.Улсын Их Хурлын Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн боловч уг асуудлаар 3 ээлжит чуулганы хугацаанд тодорхой шийдвэр гаргаж чадаагүй буюу гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн бол уг асуудлыг санал асуулгаар шийдвэрлэж болно.

4.4.Ард нийтийн санал асуулга явуулах асуудлын тоо, агуулгыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.

 Санал асуулгыг хэн санаачилах вэ ?

 5.1.Ард нийтийн санал асуулга явуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь санаачлах эрхтэй.

 5.2.Иргэд санал асуулга явуулах тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүнд уламжлах бөгөөд энэ саналд санал асуулга явуулах болсон үндэслэл, тооцоо, холбогдох бусад баримт бичгийг хавсаргана.

 Санал асуулга явуулах шийдвэр хэн гаргах вэ ?

 6.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар санал асуулга явуулах эсэхийг шийдвэрлэнэ.

 6.2.Санал асуулгаар шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуулт, түүнд өгөх эсрэг утга бүхий хариултын хувилбарыг Улсын Их Хурал хэлэлцэж батална.

 Санал асуулгын нэгдсэн дүн гаргаж мэдээлэх тухай

 22.1.Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газраас санал асуулгын дүнг ирүүлснээс хойш хоёр хоногийн дотор Сонгуулийн төв байгууллага уг дүнг нэгтгэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

 22.2.Улсын Их Хурал санал асуулга хуулийн дагуу явагдсан эсэх талаар санал хураана. Улсын Их Хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи санал асуулга хуулийн дагуу явагдсан гэж үзвэл уг асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэгдсэнд тооцно.

 22.3.Санал асуулгад нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын олонхи оролцоогүй бол дахин санал асуулга явуулахгүй бөгөөд уг санал асуулгыг ард нийт дэмжээгүй гэж үзнэ.

 22.4.Санал асуулгаар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар таван жилийн дотор, санал асуулгаар шийдвэрлэгдээгүй асуудлаар Улсын Их Хурал тухайн бүрэн эрхийн хугацаанд, гэхдээ уг санал асуулга явуулснаас хойш хоёр жилийн дотор дахин санал асуулга явуулахгүй.


  1. 202.21.117.* иргэн 2016-03-22 19:11
    ЭНЭ ХУЛГАЙЧУУД АЖИЛ САЙН ХЭЗЭЭ Ч ХИЙХГУЙ. ЧАДАХ Ч УГУЙ. ТЭГЭЭД УДУР ШУНУГУЙ САНАЛ АСУУГААД БАЙХ УУ