Улсын их хурал

Ирэхгүй бол тойрогтоо ажиллах үеэр нь очиж мэтгэлцэнэ

А.Сэвжид
2016-03-23 05:22

Өнгөрсөн даваа гаригт УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог УИХ дах “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн. Ингэснээр Л.Цог УИХ-ын дэд даргын албан тушаалаас бууж, эвслийн бүлэг хуулийнхаа дагуу нэг хүнийг томилох шаардлагатай болсон. Үүнтэй зэрэгцээд дэд даргын албанд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн нэр хүчтэй яригдаж эхэлсэн. Энэ талаар О.Баасанхүү гишүүн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Бүлэг дэд дарга томилуулдаг. О.Баасанхүү гишүүнийг УИХ-ын дэд дарга болно гэдэг  бол “бор шувуу”. Намайг болгоно гэдэг саналыг намаас хэн ч гаргаагүй, би болъё гэдэг санал ч тавиагүй. УИХ-ын дэд дарга болох ч үгүй” гэж хэллээ.

Түүнчлэн тэрээр бүлгээс гарсан тохиолдолд энэ нь бүлгийг задлаад зогсохгүй засгийн газрыг огцруулах хэмжээнд очих эрсдэлтэй хэмээн үзэж байгаа аж.

Мөн түүний хувьд Ерөнхий сайдыг халз мэтгэлзээнд дуудсан бөгөөд товлосон хугацаа нь өнөөдрөөр дуусаж байгаа аж. Гэсэн ч одоогийн байдлаар Ерөнхий сайд уг дуудлагад огт хариу өгөөгүй. Харин хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 23-нд болгон сунгалаа гэдгээ энэ үеэр мэдэгдлээ. Энэ талаар “Тэр ирнэ ээ, мэтгэлцээндээ. Тойрогт нэр дэвших юм билээ. Тойрогт ажиллаж байх үед нь очоод мэтгэлцэнэ дээ. Мэтгэлцээнээс зугтаана гэдэг нь өөрөө утгагүй. Юунд нь айгаад байгаа юм бэ” гэж хэлэв.