Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт гарлаа
УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай 42 тоот захирамж гаргалаа. Тус захирамжинд нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоосон байна.Түүнчлэн давхар УИХ-ын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, “Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” 2016 оны 27 дугаар тогтоолыг үндэслэн УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг ч гэсэн гаргасан байна.
Үүнд:
1/“Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
2/“Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай;
4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
6/“Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан;
7/“Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
8/“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
9/Гэр бүлийн тухай хуулийн төсөл; Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
10/Төрийн шагналын тухай хуулийн төсөл;
11/Худалдааны тухай хуулийн төсөл;
12/бусад.
Мөн энэхүү захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Засгийн газраас санал авахаар УИХ-ын гишүүдээс хүргүүлсэн хууль, тогтоолын төсөл, хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн бусад хууль, шийдвэрийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосон байна