Засгийн газар

140 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар сургалт, эмчилгээ хосолсон эмнэлэг баригдана

А.Сэвжид
2016-03-30 05:21

АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийн шав тавих ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо. Тус сургалтын эмнэлэг баригдсанаар Баянзүрх дүүргийн иргэдэд нэгдсэн эмнэлгийн болон улсын хэмжээний төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг давхар үзүүлэх аж.

Ёслолын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх сургалт дадлагажуулалтын ажлыг шинэ шатанд гаргах Их сургуулийн сургалтын эмнэлгийн шавыг тавьж,  Япон Улсын Засгийн газрын 140 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар барина” гэж хэллээ.

Түүнчлэн тэрээр үргэлжлүүлэн “Монгол хүний эрүүл мэнд, эмч, эмнэлгийн ажилтныг бэлтгэх буянтай үйлсэд хамтарч буй Японы Засгийн газар, Элчин сайд ноён Такэнори Шимизү болон Японы Жайка (JICA) байгууллагын удирдлагуудад талархалаа илэрхийлж байна. МУ-ын Засгийн газраас Их сургуулийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, ажиллах боловсон хүчнийг сургах, давтан бэлтгэх ажлыг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэн ажиллах болно. Мөн энэ чиглэлээр манай их сургуулийн эрдэмтэн профессорууд ч идэвх санаачилгатай, манлайлан ажиллахыг хүсээд 2018 оноос ийм сайхан эмнэлэгт ажиллах бололцоо бүрдэнэ" гэв.

Энэхүү сургалтын эмнэлэг ашиглалтанд орвол Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнууд, тус сургуулийн төгсөгчид, салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн эмнэлзүйн ур чадвар сайжран, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжрах боломж бүрдэх аж. Түүнчлэн дотооддоо эмчлэгдэх боломжгүй өвчнийг эмчлэх бүрэн боломжийг бүрдүүлж, өндөр түвшний оношилгоо эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэн эмнэлзүй, био-анагаахын судалгаанууд цогц хийгдсэнээр олон улсын түвшинд тавигдах эрдэм судлалын чанарын түвшин ахих нөхцлүүд ч гэсэн хангагдах аж.