Засгийн газар

“Бичил бизнесийг дэмжих” зорилтот хөтөлбөрийг баталлаа

А.Сэвжид
2016-04-05 03:15

Өчигдөр болсон засгийн газрын ээлжит хуралдаанаар “Бичил бизнесийг дэмжих” зорилтот хөтөлбөрийг баталлаа

Төрөөс бичил бизнесийн үйл ажиллагааг санхүүгийн үйлчилгээгээр дэмжин, иргэдийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, бэлэн мөнгөний урсгалыг сайжруулснаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэх боломж бүрдэх юм. Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд “Бичил бизнесийг дэмжих” зорилтот хөтөлбөрийн төслийг боловсруулсан байна.

Хөтөлбөр нь НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд 5 аймгийн 50 суманд байгуулагдсан эмэгтэйчүүд зонхилсон 454 бизнесийн бүлгийн туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, орон нутгийн онцлог бүхий бичил бизнесийг зээл, зээлийн батлан даалтын үйлчилгээгээр дэмжих замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, аж ахуйн зохион байгуулалтад шилжих угтвар нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэх юм. Хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд нийт 6600 бүлгийг иргэдийн хамтын оролцоо, хариуцлага, хяналтад тулгуурлан 8-10 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, хөтөлбөрийн хугацаанд тэдгээрийн 50-иас доошгүй хувийг нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгжид шилжүүлэхээр төлөвлөж байна. Бүлгийн гишүүдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зонхилохоор тооцож байгаа бөгөөд сумын бүлгүүдийн нэмүү өртгийн сүлжээнд хамрагдсан газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч гишүүдэд ногдох зээлийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлэх юм.