Улсын их хурал

МАН-ын бүлэг УИХ-ын даргыг огцруулах албан бичгийг хүргүүлнэ

А.Сэвжид
2016-04-05 06:17

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд санал нэгтэй дэмжжээ. Төсөлд Ерөнхий сайдаас гадна Гадаад хэргийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайдыг УИХ-аас томилж, бусад сайд нарыг гаднаас томилохоор заасан юм. Мөн хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдах Засгийн газрыг байгуулахаас эхлүүлэн мөрдөхөөр заасан. Мөн энэ үеэр МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын даргыг огцруулах албан бичгийг хүргүүлнэ хэмээн хэллээ.

Тэрээр “УИХ-ын даргаар томилогдсон чуулган маань анхнаасаа хууль зөрчсөн байсан. Энэ үеэс эхлэн хамгийн ахмад настай гишүүн чуулганы хуралдааныг даргалах хууль зөрчсөн. Мөн МАН-ын 26 гишүүнийг бүлэггүй, байнгын хороонд харьяалалгүй байлгах асуудлууд байсан. Сүүлдээ гишүүдийг нам эвслийн бүлгээр нь гадуурхах, хэлсэн үгийг ялгаварлах, тайлбар хийх,доромжлох зэрэг байдлууд газар авсан. Ээлжит бус чуулганыг удаа дараа зарлаж, түүгээрээ зайлшгүй шаардлагатай асуудлыг хэлэлцэж засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох, өршөөлийн хуулийг батлаж авилгачдыг өршөөх зэргийг хэлэлцсэн. Хамгийн сүүлд гэхэд цөмийн хог хаягдлыг монгол улсад булшлах асуудал буюу үүссэн оронд нь булшлах конвенцод нэгдэн орох асуудлыг батлах гэсэн үйлдлүүд нь УИХ-ын дарга байхад ёс зүйн хувьд зохимжгүй байна. Тийм учраас МАН-ын бүлгээс УИХ-ын даргыг огцрохыг шаардсан албан бичгийг хүргүүлэх болж байгаа” гэж хэллээ.