Улсын их хурал

Х.Тэмүүжин: Захиргааны маргааны нотолгоог хуурамчаар үйлдэхэд гэмт хэрэг биш болчихдог

А.Сэвжид
2016-04-06 03:23

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар "Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль"-ийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Шинэчилсэн найруулгад “Шударга шүүхээр шүүлгэх баталгааг хангах үүднээс хэргээ шүүхэд сонсгож шийдүүлэх, шүүхэд боломжит хугацааны дотор хэргээ шийдүүлэх эрх, гэм буруугүйд тооцогдох эрх, өмгөөлүүлэх эрх зэрэг яллагдагчийн эрхээ эдлэх боломж, нөхцөлийг бүрдүүлсэн” заалтыг тусгажээ.

Түүнчлэн “Гэм бурууг нотлох нь прокурорын үүрэг бөгөөд  тухайн этгээдийн гэм буруу нотлох баримтаар үндэслэлтэй, эргэлзээ төрөхөөргүйгээр нотлогдож, гэм буруутай гэж үзсэний дараа ял оноох ажиллагааг эхлүүлдэг  олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн хуулийн төслийн шүүх хуралдааны хэсгийг боловсруулсан” гэдгийг ажлын хэсгийнхэн хэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

“Олон улсын жишгээр процессийн хуулиуд нь уг үйл ажиллагааныхаа хувьд нэг нэртэй байгаа юм. Иргэний, захиргааны эсвэл эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж байна уу гэдэг нь ялгаагүй нэг нэр товъёогоор нэрлэж байгаа юм. Харин тодорхой хэргийг нотлох онол аргачлалаасаа болоод дотроо ялгаатай процессууд байгаа. Иргэний маргаан 50+1 хувиар нотлогдох бол Захиргааны маргаан 75-80 хувь, Эрүүгийн маргаан 95-аас дээш хувиар нотлогдож байж нотлох баримтын түвшинд авч үзэж байгаа нь дотроо ийм ялгаатай. Харин ерөнхий нэрээрээ хянан шийдвэрлэх эсвэл процесс гэсэн нэг нэртэй байх хэрэгтэй” гэж хэллээ.

Энэхүү хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 190 гаруй санал, найруулгын зөрүүтэй 100 гаруй саналыг томьёолж, санал хураах ажил үргэлжилж байна.