Сонгуулиа 16.4 тэрбум төгрөгөөр хийхээр боллоо
УИХ-ын пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулбал сонгуулийн насны хүний тоо 146 мянгаар нэмэгджээ. Мөн 2012 онд УИХ-ын сонгуульд 16.8 тэрбум, НИТХ-ын сонгуульд 464 сая, нийт 17.3 тэрбум төгрөг зарцуулсан аж. Харин намрын чуулганаар батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлд “Хүн амын тоог сонгуулийн нутаг дэвсгэртэй харьцуулан зардлыг тухай бүр тогтооно” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 16.4 тэрбум төгрөгөөр зардлыг тооцож, УИХ-д оруулжээ.
Энэ жил сонгуулийн зардал өмнөхөөс 400 гаруй сая төгрөгөөр буурсан гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн хэллээ. Тухайн үед аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг тусад нь зохион байгууллаж 5.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Харин энэ жил УИХ, Аймг, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамтад нь хийснээр хамгийн багадаа 2.5 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэдгийг УИХ-ын гишүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлэв. Ингээд санал хураалт явуулахад оролцсон 59 гишүүний 50 нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.
Дашрамд дурдахад санал авах өдрийг хуулийн дагуу 2016 оны 04 сарын 08 гэхэд зарласан байх ёстой гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хуралдааны үеэр санууллаа.