Улсын их хурал

М.Батчимэг: 'Нэг хүн, Ерөнхий сайд үүрэх ёстой хариуцлагыг 76 хүн дунд хаяцан байна'

А.Сэвжид
2016-04-11 01:45

УИХ-ын Баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах  хуулийн төслийг хэлэлцэн хэлэлцэхийг дэмжлээ. Иргэд уг хуулийн төслийг “давхар дээл”- хэмээн хэдийн нэрийдээд байгаа. Хэлэлцүүлгийн үеэр хуулийн төсөл, үзэл баримтлалын талаар гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж, саналаа хэлсэн. Ингээд энэ үеэр үг хэлсэн УИХ-ын гишүүн М.Батчимэгийн байр суурийг хүргэе.

Тэрээр "Сонгуулийн өмнө энэ асуудлыг оруулж ирж байгааг дэмжиж байна. Яагаад гэвэл дараагийн Засгийн газар байгуулагдах үед чиг үүргийн давхцлыг арилгахад энэ хуулийн төсөл тус дэмээ өгнө гэж бодож байгаа. Гэхдээ нөгөө талд миний зайлшгүй хэлэхийг хүсч байгаа зүйл бол бид давхцлыг тооны хувьд цөөрүүлэх гэж байгаа болохоос биш чанарын асуудлыг үнэхээр шийдэж чадахгүй гэдгийг зайлшгүй хэлмээр байгаа юм. 

Манай УИХ-ын дөрвөн жилийн хугацаанд хамгийн их анхаарал татаж яригдсан хуулийн нэг нь давхар дээлний тухай хууль. Харамсалтай нь батлагдаж чадалгүй унасан. Үүний дараа би судлаачдын баг байгуулаад 30 гаруй улсын үндсэн хуулинд судалгаа хийж үзэхэд парламентын гишүүн нь засгийн газрын гишүүнээр давхар ажилладаг жишиг бол байсан. Харин манайд байгаа хамгийн том асуудал бол тооны хувьд хэтэрхий их давхцаад харилцан хамаарал нь хэт буруу явчихаж байгаа юм. Тийм учраас цөөлөх асуудлыг ярьж байна. Бидэнд парламентын засаглалтай орны жишигт байдаггүй чанарын гажуудал бий. Тэр нь парламент сайд нарыг нэг бүрчлэн томилдог, бас огцруулдаг тогтолцоо нь дэлхий дээрх адил засаглалтай 30-аад орны түүхийг судалж үзэхэд гараагүй.

Ерөнхий сайд нь сайдаа томилж, огцруулдаг. Ерөнхий сайд нь сайд бүрийнхээ өмнөөс парламентад хариуцлагаа хүлээж байгаа цагт Ерөнхий сайд нь өөрөө, бас засгийн газраа огцруулахгүйн тулд мэргэжлийн сайд томилж байна. Гэтэл бид нэг хүнд үүрүүлдэг хариуцлагыг 76 хүний дунд хаячихсан байна.Тийм учраас 76 гишүүн муу, мэргэжлийн бус сайд томилсныхоо төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа юм. Мөн гүйцэтгэх засаглалын сайд томилдог, төсөл хувиарладаг эрх мэдлийг нь УИХ авчхаад эдлэх ёсгүй эрхээ эдлээд байна. Ерөнхий сайдын эрх мэдлийг 76 хүн хуваачхаж. Энэ чанарын өөрчлөлтийг хийж чадахгүй бол юу ч засагдахгүй. Би өнөөдөр энд үг хэлж байгаа зарим гишүүдийг хараад гайхаж суулаа.Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгтэй, засаглалаа засахгүй бол эдийн засаг өөдлөхгүй байна гэдгийг мэдсээр байж хоёр нүүр битгий гаргаач ээ. Өнөөдөр засаглалын тогтолцоо чинь буруу байхад үүнийгээ сайжруулахгүй бол хүний мууг засаж чадахгүй.

Энэ чанарын давхцал чинь байгаа цагт УИХ-ын гишүүн сайд болох гэж зодолддог хэвээрээ л байна. Өөрийнхөө фракцын хүнийг сайдаар томилчхоод сайдтайгаа УИХ-ын гишүүн нь сайдтайгаа хариуцлагаа тооцож чадах уу. Монголд хариуцлага байхгүй болсны шалтгаан чинь энэ. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдад өгдөг хариуцлагыг 76 хүний дунд хаячихсан учраас Монголд хариуцлага байхгүй болчихсон байна. Бид үүнийг өөрсдөө л засах ёстой. Ямар 76 хүн энэ парламентын танхимд суух ёстойг бид нар мэдэхгүй, ард түмэн мэднэ. Харин ороод ирчихсэн бол хоёр нүүр гаргахгүйгээр ажлаа хийх ёстой.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг яагаад хойш нь татаад байгаа юм бэ. Дараагийн парламентаас хариуцлага нь тодорхой засгийн газар байгуулагдахыг хүсэх ёстой. Гэтэл өнөөдөр үүнийг эсэргүүцсэн гишүүд яагаад засаглал муу байна гэж яриад байгаа юм бэ. Энд үг хэлж байгаа зөндөө гишүүд давхар дээлтэй сайд нар байсан шүү дээ. Үүнийг чанарыг хувьд өөрчлөхийг бодъё л доо. Яагаад сонгууль дөхлөө гээд хоёр нүүр гаргаад жүжиглээд байгаа юм бэ. Эдийн засагаа ярья л даа, засаглалын асуудлаа битгий ярь гэчхээд засаглалаа засах энэ хуулийг дэмжиж байна гэх юм. Би энэ гишүүдийг битгий ийм хоёр нүүр гаргаж байгаасай гэж бодож байна. Хүний муу арилж дуусахгүй.  Загасчны тосгон байсан Сингапур гэдэг жижигхэн арал засаглалаа засчихсан учраас хөгжсөн байдаг. Тиймээс бид үнэхээр засаглалаа засмаар байна. Энэ хуулийг батлах нь зөв. Гэхдээ энэ тооны шийдэл болохоос чанарын шийдэл биш. УИХ сайдаа томилж байгаа цагт бүх зүйл байдгаараа л үлдэнэ шүү гэдгийг хэлмээр байна” гэв.