Дэлхийд

Өнөөдөр хүн төрөлхтөн сансар огторгуйд хөл тавьсан өдөр

А.Сэвжид
2016-04-12 00:51

Өнөөдөр хүн төрөлхтөн сансар огторгуйд хөл тавьснаас хойш 55 дахь жилтэйгээ золгож байна. 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд ЗХУ-ын сансрын нисгэгч 27 настай Юри Гагарин /1934-1968/ "Восток-1"  хөлгөөр сансарт нисч, 108 минутад /1 цаг 48 минут/ эх дэлхийгээ нэг тойроод буусан юм.

Ю.Гагарин сансарт анх ниссэн гэдгээс гадна дэлхийн тойрог замыг анх удаа тойрсон гэдэг амжилтыг бас давхар эзэмшдэг аж. Түүнчлэн энэ өдрийг 2011 онд НҮБ-аас "Олон улсын сансрын нисэгчдийн өдөр" болгон тэмдэглэх шийдвэрийг гаргаж байжээ.

Түүх сөхвөл тухайн үед Гагарин сансарт ниссэний дараа дэлхийн олон орны урилгаар социалист болон капиталист, цаашлаад гуравдагч орнуудад зочилж маш их төрийн дээд одон медалиар шагнагдаж байж. Мөн сансрын нисэгчдийг бэлтгэх "Оддын хотхон"-ыг ч түүний нэрэмжит болгосон байна.

Дашрамдсонирхуулахад өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын байдлаар 40-өөд орны сансрын нисэгч, жуулчин сансарт аялсан тоо гарчээ. Олон улсын Агаарын спортын холбооны тодорхойлсноор 540 хүн дэлхийн тойрог замд аялсан бол 543 сансрын нисэгч задгай сансарт гарчээ. Нийт 37 орон сансрын нисэгчдээ сансарт илгээснээс 26 орон нэг удаа, гурван орон тус бүр хоёр удаа сансарт хүнээ илгээж байжээ. Сансрын судалгаанд өндөр ач холбогдол өгч, судалгаа шинжилгээ явуулдаг орнуудын тоонд АНУ, ОХУ, Герман, Хятад, Япон, Канад, Франц, Итали зэрэг орнууд дээгүүр байр эзэлж байна. Эдгээр есөн орны сансрын нисэгчид сансарт ниссэн бүх нисэгчдийн 94 хувийг эзэлж байна.