Улсын их хурал

Н.Ганболд АТГ-ын даргаас албан ёсоор чөлөөлөгдлөө

А.Сэвжид
2016-04-14 03:17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. Тэрээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсон үндэслэлээ эрүүл мэндийн шалтгаантай холбоотой хэмээн гаргасан юм.  Хуулиараа АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилдог. Бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил. Харин түүний хувьд  АТГ-ын даргын албыг 4.6 жилдээ хашиж байгаа юм.

УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд Т.Ганболд даргаас гишүүд асуулт асууж хариулт сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хоёр асуулт байна. Та энэ Ардын намын дарга М.Энхболдыг хотын дарга байхад цагдаагийн даргаар ажиллаж байсан нь үнэн үү. Хоёрдугаарт, нүүрсний хэргээр Л.Гансүх шоронд орсон. Дээд шүүхийн шийдвэр нь гарсан. Түүнтэй хамт ял авсан гурван залууг яагаад одоо яагаад татварын хэргээр тамлан зовоогоод байгаа юм. Энэ хэзээ зогсох юм бэ ?

Н.Ганболд: Тэр үед би хотын цагдаагийн газрын дарга байсан нь үнэн. Нийслэлийн иргэдийг гэмт хэргээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байсан. Л.Гансүхтэй холбоотой асуудлын хувьд би танд жич хариулъя.Прокурорын зөвшөөрөлтэйгөөр ярьдаг зүйл. 

Н.Алтанхуяг: “Намайг АН-ын дарга байх үед Н.Ганболд томилогдож байсан. Ц.Элдбэгдорж ерөнхийлөгч санал оруулаад УИХ-аар томилуулж байсан. 2011 онд. Орлогчоор Б.Хурц гэдэг хүнийг томилж байсан юм. Би Н.Ганболдыг сайн мэдэхгүй л дээ. Та хүнд нөхцөлд ажилласан. Гэхдээ хоншоор гаргаж чадаагүй л дээ. Яг л хонгилын хаалга нээж өгдөг хүн болж хувирсан. Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байхад цагдаа бол бизнесмен, төрийн байгууллагад ажилладаг хүмүүст халдаагүй. Бид нар халдуулаагүй. Харин АТГ хавтгайрсан. Та хожим нь дурсамжиндаа үнэнийг  бичээрэй. Одоо бол чадахгүй. Өнөөдөр Монголд үнэнийг хэлдэг хүн байхгүй. Үнэн үг хэлсэн хүнд Ерөнхийлөгч нь хүртэл өшөөтэй болчихсон. Тэгэхээр та нар нялцагнаж байхаа болимоор байгаа юм. Би таныг их гайхаж байна. Дараа нь хэнийг тавих гэж чөлөөлж байгаан бол. Би танийг гайхаж байна. Та хонгилын хаалга нээж хүмүүсийг хэлмэгдүүлэхээсээ залхсан уу. Нэг л юм боллоо. Та нар ббизнесменүүдийг дуусгасан. Хайран хэдэн хүмүүс. Монголд бизнес хийснээс УИХ-ын гишүүн болсон нь дээр гээд бөөн бизнесмен дэвших гээд явж байна” гэж хэллээ.