"Иргэд 1072 хувьцааг хятадуудад зарж байна"
Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ.
Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдож байгаа юм. Харин сүүлийн үед иргэд өөрсдийн хувьцаагаа гадаадын иргэдэд зарж байгаа тухай мэдээлэл иргэдээс ирж байна. Тодруулбал Урт цагааны урд байрлах Тайванийн төвийн үүдэнд 1072 хувьцаагаа Хятадуудад заръя гэсэн хүмүүс их цуглах болж.
Энэхүү үйл явдал нь өнгөрсөн гуравдугаар сарын 20-оос хойш болж байгаа гэдгийг иргэд хэлэв. Заримынх нь хэлснээр иргэдээр данс нээлгэсэн хуулгын баримт бөглүүлээд гэрээ хийлгээд хувьцааг нь 400 000- 1 600 000 төгрөгийн хооронд авч байна гэсэн юм. Үүнээс үүдэж хүмүүс тус төвийн эргэн тойронд өдөр шөнөгүй бужигнаж байгаа аж. Бид энэхүү мэдээллийн мөрөөр бодит байдлыг сурвалжилж мэдээлэл хүргэх болно.