Нийгэм

Авьяаслаг төгөлдөр хуурч хүү Ө.Ганбаярын эмчилгээнд зориулсан хандивын тоглолт болно

А.Сэвжид
2016-04-15 03:13

Хөгжим Бүжгийн Коллежийн мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш Ц.Шаравцэрэнгийн оюутан, сурагчид хамтран "Performing for the Future" сонгодог концертыг үзэгч та бүхэндээ өргөн барьж байна.

Тоглолтод авъяаслаг залуу төгөлдөр хуурчид Г.Бөртэ-Үжин, Ж.Өнөмандах, Ж.Ариунзаяа, Л.Мягмарсүрэн, Э.Бат-Эрдэнэ, Т.Янжинзаяа нар зуун дамжин хүн төрөлхтний сонорыг мялааж буй дэлхийн сонгодог зохиолчдын шилмэл бүтээлүүдээс тоглоно.

Энэхүү концертоос олох орлого нь ХБК-ийн 7А ангийн сурагч Ө.Ганбаярын эмчилгээний зардалд хандив болох зорилготой бөгөөд уг концертоор та бүхэн И.С.Бах, Л.Бетховен, Ф.Шопен, Ф.Лист, С.Рахманинов, Ф.Бузони, М.Равель нарын бүтээлээс сонсож нэгэн үдшийг төгөлдөр хуурын төгс аялгуутай өнгөрүүлэх болно.

Монголын нэрийг өндөрт өргөх ирээдүйтэй залуу төгөлдөр хуурчид, нэг сургуулийн анд найзынхаа төлөө авъяас чадвараа зориулж буй ХБК-ийн оюутан, сурагчид 2016 оны 4-р сарын 30-ны өдөр эрхэм та бүхнийг Улсын Филармонийн концертын танхимд урьж байна

Та бүхэн тоглолтын билетийг ticket.mn сайтаас онлайнаар захиалах боломжтой.


  1. 112.72.12.* Irgen 2016-04-20 20:46
    Ta buhend mash ih bayrlalaa amjilt husii