0-1 насны хүүхэдтэй ажил эрхэлдэг эхчүүдэд цалинтай чөлөө олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. Уг тогтоолоор улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт өгч, таслан зогсоох, халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Шуурхай ажлын хэсгийг Улсын онцгой комиссын дэргэд байгуулж ажиллуулахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгалаа.
Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндэд хийх үзлэг, хяналтыг энэ оны 7 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд батлагдсан хуваарь, эцэг эхийн дуудлагын дагуу гэрээр зохион байгуулж, товлолын дархлаажуулалтыг долоо хоног бүрийн бямба гаригт шилжүүлэн зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.
Нэг хүртэлх насны хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх, эцэг, эхчүүдийн хүүхдээ гэрээр асрах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа 0-1 насны хүүхэдтэй эхчүүдэд энэ 7 дугаар сарын 1-нийг хүртэл батлагдсан төсөвтөө багтаан Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага дээр нэмж 2 цагийн цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт үүрэг болголоо.
Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтны илүү цагийн байгууллагын шатахуун, ариутгал, халдваргүйтгэлд зориулан 982 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргах аж.