Уул уурхайн тайлан ил тод боллоо
Дэлхийн байгалийн баялаг арвин 50 гаруй улсад хэрэгжиж байгаа Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга нь баялгаас бий болсон орлогыг олон нийтэд ил тод болгож, түүнийг сайн сайхны төлөө зөв зарцуулахад оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн юм.
Монгол улсын хувьд уг санаачилгад 2006 онд нэгдсэн бөгөөд 2015 он хүртэлх 9 жилийн хугацаанд тайланг давхардсан тоогоор уул уурхай, газрын тос, ураны 4,701 аж ахуйн нэгж гаргаж, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хандив, дэмжлэгийн мэдээллээ ил тод болгосон бол Засгийн газар давхардсан тоогоор 6,858 аж ахуйн нэгжээс хүлээн авсан орлогоо тайлагнасан байна.
Энэ их мэдээллийг цаасан байдлаар тайлагнахад материал их зарцуулах, хугацаа алдах, төрөл бүрийн техникийн алдаа гарах, мэдээллийн ач холбогдол, хүртээмж буурах зэрэг хүндрэлүүд гарч байсан тул ОҮИТБС-ын тайланг цахимаар тайлагнах, цугларсан мэдээллийг олон нийтэд хурдан, шуурхай хүргэх, мэдээллийн ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим тайлагналын системийг нэвтрүүлэх” төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр, Адам Смит интернэйшнл хүрээлэнгийн техник туслалцаатайгаар Интерактив компани 2014-2015 онд гүйцэтгэж, системийг ашиглалтад оруулаад байна" хэмээн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөгч Пол Моффат “Үүнийг хэрэгжүүлснээр гараар үйлддэг ажлын хэмжээг багасгаж байгаа юм. Тэгэхээр компаниуд цахим сайт уруугаа ороод өөрсдийнхөө мэдээллийг шивж оруулснаар цагийг илүү үр ашигтайгаар хэмнэж байгаагаар давуу талтай. Бас алдаа гаргах эрсдэл ч гэсэн багасаж байгаа” гэдгийг хэллээ.
Харин Монголын ОҮИТБС-ын ажлын албаны мэдээллийн технологийн зөвлөх Г.Ганбат “Гараар тайлан гаргадаг байхад хүнээс улбаатай энгийн алдаа маш их гарч тайлангийн анхны утга өөрчлөгдөх эрсдэл их байсан. Бас маш их хөдөлмөр, цаг хугацаа ордог учраас тайлан гарах хугацаа хойшлогдож мэдээллийн ач холбогдол буурах эрсдэлүүд үүсдэг байсан. Тийм учраас энэхүү цахим тайлангийн санаачлага гарсан. Ингэснээр байгууллагуудын ачаалал багасаж, хүнд сурталгүй болж, хурдан шуурхай мэдээлэх боломж бүрдсэн” гэж хэллээ.
Одоогийн байдлаар энэхүү мэдээллийн санд Монгол улсад хүчин төгөлдөр байгаа бүх лиценз эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүний тухай мэдээллүүд орсон бөгөөд эдгээр эрх, лицензийг хэн, хаана, ямар компани эзэмшиж байгаа нь хүртэл ил тод байгаа юм. Түүнчлэн ямар бүтээгдэхүүн олборлоод, хэдий үнээр худалдаалаад улсад болон орон нутагт хэр их татвар төлөв, байгаль орчныг нөхөн сэргээхэд хэрхэн туслав зэрэг бүх мэдээллүүдийг газрын зураг дээр дэлгэрэнгүй харах боломжтой аж. Мөн компани хоорондын орлого зарлагыг харьцуулах боломжийг ч гэсэн иргэдэд нээлттэйгээр олгож байгаа гэдгийг тус албаныхан хэлэв.
Цахим мэдээллийн нэгдсэн сангийн талаарх дэлгэрэнгүйг eitimongolia.mn сайтаа болон ОҮИТБС-ын ажлын албаны 70110525 дугаарын утсаар холбогдож авч болох юм. Түүнчлэн цаашид уг санг сайжруулахад хэрэг болохуйц санал, сэтгэгдлийг дуртайяа хүлээн авна гэдгийг ажлын албанаас мэдээллээ.