Нийгэм

Түрээсийн орон сууцанд бүртгүүлсэн иргэдийг сугалаагаар ингэж тодруулна

Bolor Rose
2016-04-20 06:21

Улаанбаатар хотод 350 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийг гуравдугаар сарын 21-ээс дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэл явуулсан. Бүртгэлд  2407 иргэн хамрагдсанаас шаардлага хангасан 2367 иргэнийг түрээсийн орон сууцанд хамруулах сугалаанд оролцуулахаар болсон байна.  Тодруулбал, 2367 иргэнээс 350 иргэнийг энэ сарын 28-ны өдөр цахим сугалаагаар тодруулахаар болжээ. 

Түрээсийн орон сууцанд бүртгүүлсэн иргэд сугалаанд оролцохоор шалгарсан эсэхээ хэрхэн мэдэх вэ? 

Тэгвэл та өөрийгөө түрээсийн орон сууцанд хамрагдах сугалаанд оролцохоор шалгарсан эсэхээ  мэдэхийн тулд ТОСК-ийн лавлах 313898 дугаарт залгаж өөрийн регистрийн дугаараа хэлж шалгуулах юм байна. Учир нь сугалаанд оролцохоор шалгарсан иргэдийн нэрс одоогоор http://tosk.gov.mn/ сайтад тавигдаагүй байгаа бөгөөд сугалааг тодруулахаас өмнө шалгарсан иргэдийг долоон зорилтод бүлгээр нь ангилж www.tosk.gov.mn сайтад байршуулах гэнэ. 

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сугалаагаар хэрхэн тодруулах вэ?  

Сугалаанд хамруулах иргэдийн нэрсийг долоон ангилалд хувааж бүртгэх явцад иргэн тус бүр дээр сугалааны дугаар гаргасан ажээ. Долоон ангиллыг 1 -7 хүртэл дугаарлаж, ангиллын дугаарын ард гурван оронтой тоо байх юм байна. Жишээ нь, залуу гэр бүлийн ангилалд бүртгүүлсэн иргэн ЗГБ1001-1041 гэсэн сугалааны дугаартай байна. Иргэдэд сугалаа явагдахаас өмнө сугалааны дугаарыг нь өгнө. Сугалааны дугаартай хамт шалгарсан хүний овог нэр хамт гарч ирэх ёстой. 

Сугалааг зам тээврийн яамны Авто тээврийн үндэсний төвийн хурлын зааланд цахимаар зохион байгуулна. Бүртгүүлсэн иргэд өөрийн биеийн байцаалттай ирэх ёстой.