Улсын их хурал

Х.Тэмүүжин: Ний нуугүй хэлэхэд, одоо байгаа иргэний үнэмлэх бол хагас 'ухаалаг'

А.Сэвжид news.trends.mn
2016-04-20 16:33

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Иргэний улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль”-ийн төслүүдийг хэлэлцлээ. Уг Хууль батлагдсанаар бүртгэлийн байгууллагын үйлчилгээний цаг хугацаа тодорхой болж, ииргэний бүртгэлд бүртгүүлэхэд чирэгдэл багасна гэдгийг ажлын хэсгийнхэн хэллээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Монгол улс олон жилийн турш малаа сайн тоолдог ч, хүнээ хэрхэн сайн тоолж, бүртгүүлж чаддаггүй вэ гэдгийг улс төрийн өнгө аясаар шүүмжлүүлж ирсэн. Улсын үндэс бол ерөөсөө газар нутаг, хүн ам, засаглалын чадварлаг үр ашигтай байдал гэсэн гуравхан зүйлээс шалтгаалж байгаа. Тиймээс засаглалын чадварлаг, үр ашигтай байдал нөгөө талдаа хүн амаа хэрхэн зөв бүртгэж мэдээжүүлж авахаас гадна тухайн иргэнд ямар үйлчилгээ хүргэж чадаж байна вэ гэдгээр хэмжигдэнэ. Тийм учраас иргэний бүртгэлтэй холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр ажиллах нь аль ч төрийн өдөр тутам, сар тутам хийх ёстой ажлын гол үндэс. Үүнд нь хүний эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал гээд төрийн үйлчилгээний дараагийн шатуудаар үргэлжилдэг.

Монгол улс бол АНУ-тай адил хөрсний буюу газар нутгийн зарчим баримталдаггүй. Тэр бол цагаач иргэдээс бүрдэж, нутаг дэвсгэр дээрээ төрсөн хүн болгоныг АНУ-ын иргэн гэж зарладаг тийм улс. Харин монгол улс үндэстнийхээ эх үүсвэр дээр иргэнээ бүртгэж авдаг улс. Тиймээс аав ээж нь монгол улсын иргэн үү үгүй юу гэдэг нь нэг номерын асуудал. Түүнээс биш нутаг дэвсгэр төрсөн үү үгүй гэдэг нь асуудал биш. Түүнчлэн иргэний үнэмлэхтэй холбоотой асуудал дээр кампаничилсан, мөнгө хийх юм шүү гэдэг хардлага байнга байдаг. Гэхдээ нэгэнт иргэний бүртгэл цахимжаж, үүн дээр үндэслэж дараа дараагийн үйлчилгээ явах гэж байгаа учраас Монгол улс зардлынхаа үр ашигтай байдлыг бодоод иргэний ухаалаг үнэмлэхээ эрүүл мэнд, аюулгүй байдал, боловсрол гээд маш олон зүйл дээр ашиглахаар хөгжүүлэх шаардлагатай. Түүн дээр иргэний бүртгэл хариуцаж байгаа байгууллага нь маш тодорхой тэмүүлэлтэй байх ёстой. Одоо байгаа иргэний үнэмлэх чинь ний нуугүй хэлэхэд хагас ухаалаг шүү” гэж хэллээ.

Ингээд санал хураалт явуулахад Иргэний улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны гишүүд хэлэлцэхийг дэмжлээ