Улсын их хурал

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг буцаалаа

А.Сэвжид
2016-04-21 05:42

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдааны хамгийн эхэнд хэлэлцэв. 

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал шинэчлэгдсэн тул одоо мөрдөж буй Үндэсний аюулгүй байдлын тухай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийг түүнд нийцүүлэх, нөгөөтээгүүр одоо мөрдөж буй хуулиудын зохицуулалт тодорхойгүй, оновчтой бус, давхардал ихтэй байгаа зэргээс тэдгээр хуулийг нэгтгэн шинэчлэн найруулах шаардлагатай болсон гэдгийг хууль санаачлагчид хэллээ. Харин гишүүд асуулт тавихдаа Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийг  олон салбартай болгож бүтцийг нь өргөжүүлэх, өргөн мэдээлэл гаргуулан авах  ямар хэрэгцээ, шаардлага байгаа, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд иргэн, иргэний байгууллагуудын хүлээх үүрэг хуулийн төсөлд хэрхэн тусгагдсан зэргийг асуулаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: ҮАБЗ гэдэг нь  байгууллагын институц хэлбэртэй байх юм уу, зөвлөлдөх маягийн механизмтай байх юм уу гэдгийг эцэслэж харах ёстой. ҮАБЗ-ийн хуулийн үйл явц түүхийг нэлээн сонирхож харж байсан. Н.Энхбаяр гэдэг хүн Ерөнхийлөгч болсныхоо дараа Ерөнхий сайд байсан тэр эрх мэдлээ хадгалахын тулдҮндэсний аюулгүй байдал, ҮАБЗ гэдэг нэрийн дор давхар Засгийн газар байгуулах тэр оролдлогоороо энэ хуучин хуулийг хийсэн.

Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд байдаг хуучнаар хүчний гэж нэрлэдэг байсан байгууллагуудын удирдлага болон зохион байгуулалтыг шууд дээрээс нь удирдах боломжтой механизмыг хийхийн тулд ҮАБЗ гэдэг зөвлөлдөх механизмыг тусгай институц болгож хувиргасан. Монгол улсын үндсэн хуулинд эрх мэдэл хувиарласан хууль тогтоох,гүйцэтгэх, шүүх гэдгээс гадна үндсэн хуульт бус маш хүчтэй дээрээс доош чиглэсэн захиргааны институцийг байгуулсан. Үүгээрээ дамжуулж бүх хүчний байгууллагыг удирдаж, эрх мэдлээ хадгалан гартаа авч үлдэх гэсэн оролдлого нь хууль болж хэлбэршсэн. Үүний гор дахин дахин гарсаар байна. Уг нь ҮАБЗ-ийн бүрэн эрхийг тогтоох эрх нь УИХ-д байгаа. Харин энэ зөвлөл дотор УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн гурван албан тушаалтныг зөвлөлд гэж оруулсан болохоос биш тусдаа иституц байгуулаад шийдвэр гарга гээгүй. Түүнчлэн УИХ, Засгийн газар хоёр шийдвэр гаргахдаа Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр ойлголцож, эрсдэл багатай шийдэхийн тулд хоорондоо зөвлөлдөх механизм нь байгаа юм" гэв.

Ингээд дараа санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тиймээс санал хураалтын дүнг баталгаажуулж, хуулийн төслийг буцаалаа.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн найман хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хуваарьт оруулсан байна. Тодруулбал,

Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд,

Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд

Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд

Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд

Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд

Төрийн болон албаны нууцын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд

Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд

Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг л хэлэлцэх юм.