Нийгэм

Сул ажлын байранд 254 эмнэлгийн мэргэжилтэн бүртгүүлжээ

А.Сэвжид
2016-04-22 01:49

“Эрүүл мэндийн салбарт  тавтай  морил”  хөдөлмөрийн яармаг өчигдөр болсон бөгөөд энэ үеэр сул ажлын байранд 254 мэргэжилтэн бүртгүүлжээ.

Хөдөлмөрийн яармаг ажлын байрны судалгаа хийж, төгсөгчдийг ажилд зуучлах, эрүүл мэндийн салбарт хөл тавьж буй шинэ залуу мэргэжилтнүүдэд ажиллах урам зориг өгөх, мэргэжлээрээ гадаад дотоодод суралцах, ажиллах боломжийг таниулах, мэргэжлийн үнэ цэнийг эрхэмлэх үзэл бодлыг төлөвшүүлэх зорилготой.

Эрүүл мэнд, спортын яамны харьяа  төрөлжсөн тусгай мэргэжлийн найман төв, Архангай, Сэлэнгэ, Төв, Орхон, Хөвсгөл   зэрэг таван аймгийн Эрүүл мэндийн  газар, нийслэлийн ЭМГ-ын харьяа хоёр байгууллага,  Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл  зэрэг  24  байгууллага, анагаахын  боловсрол олгох  их дээд  сургуулийн  төгсөх дамжааны  1000 орчим   оюутан хөдөлмөрийн яармагт оролцжээ.

Энэ  жилийн хөдөлмөрийн яармаг  үйл ажиллагааны онцлог нь  “Үнэ цэнэтэй эмнэлгийн мэргэжилтэн байх нь”  уриан  дор  зохион байгуулагдаж байна.

Төгсөгчдийг  ажлын  байранд зуучлахаас  гадна  эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа  шилдэг  залуу эмнэлгийн мэргэжилтнүүдийн туршлагаас танилцуулж, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үнэ цэнийн тухай ойлголтыг бий болгох, зөв төлөвшүүлэх  зорилгоор илтгэл  мэдээлэл  өгчээ.

Яармагийн дараагийн шатны сул ажлын байранд зуучлах  үйл ажиллагаа Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр үргэлжлэн явагдаж байна гэж ЭМСЯ-аас мэдээллээ.