С.Бямбацогт: Цэцийн шийдвэр сонгуулийн хугацаанд нөлөөлж болохгүй
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Х.Болорчулуун нар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн Халх гол хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай болон Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг хэлэлцсэн байна.
Мөн УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгоно гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх гэсэн гэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзжээ.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: “МАН хүнээ сонгодог байх ёстой, жагсаалтын ард нуугдах нь буруу гэдэг байр суурийг баримталдаг байсан. Үүнийхээ дагуу өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ард нийтийн санал асуулга явуулж, намын жагсаалттай байх зөв үү, хүнээ сонгодог байх нь зөв үү гэдгийг ард түмнээсээ асуухыг санаачилж байсан. Холимог тогтолцоотой байх ёстой. Энэ нь улс төрийн намын төлөвшилд чухал.
Гэхдээ сонгууль дөхсөн үед Цэц шийдвэр гаргалаа. Энэ нь яваандаа сонгуулийг товлосон хугацаандаа болоход нөлөөлж болохгүй. Цэцийн шийдвэр сонгуулийг хойшлуулахад ямар нэгэн шалтгаан болохгүй.
Одоо томсгосон мажоритар байх уу гэдгийг шийднэ. 28-н жагсаалтыг 26 тойрогтоо хуваах асуудлыг тодорхой ярих ёстой” гэлээ.
Мөн тэрээр үргэлжлүүлэн “Үндсэн хуулийн цэцээс жагсаалтын 28 мандатыг хүчингүй болгосон тул 28 мандатыг тойрог руу шилжүүлэх ёстой. Тиймээс 26 тойрогтоо 28 мандатаа хуваах буюу хөдөөгийн 20 тойрогт нэг нэгээр, үлдсэн найман мандатыг нийслэлийн дүүргүүдэд хуваарилах нь зүйтэй
гэж үзэж байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр хоёр мандат, бусад дүүргүүдэд нэг мандатыг хуваарилах нь зүйтэй юм. Ийм байдлаар тойргоо хуваарилах нь зүйтэй байх. Үндсэн хуулинд хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны хүчин зүйлийг харгалзана гэсэн заалт байгаа. Иймээс бид хуулиа барих ёстой” гэж хэллээ.