Нийгэм

Нийслэлийн үйлчилгээний туршилтын төвүүд ажиллаж байна

А.Сэвжид
2016-04-26 00:44

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ачааллыг багасгаж, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Драгон, Мишээл экспо төвд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 2, 3 дахь салбарыг туршилтаар ажиллуулж эхэллээ.

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн талбайд байрлах “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь өдөртөө 6720 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Үйл ажиллагааны явцад газартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг тус төвд төвлөрүүлж, газрын биржийн нэг цэгийн үйлчилгээ болгох зорилгоор ажиллаж байна. Албан ёсны нээлтийн ажиллагаа 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр болно.

Харин Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Мишээл барилгын Их дэлгүүр”-ийн баруун жигүүрийн талбайд байрлах “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь өдөртөө 4800 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа юм. Тус төв иргэдэд барилгын бүх төрлийн үйлчилгээг нэг дороос олгохоор зорьж байгаа бөгөөд төвийн үйл ажиллагаатай холбогдуулан Мишээл экспо төв Мишээл барилгын их дэлгүүрийг ашиглалтад оруулах аж. Албан ёсны нээлтийн ажиллагаа 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулна. Цагийн хуваарь ажлын өдрүүдэд 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.