Улсын их хурал

Цэцийн дүгнэлтээр 'Шударга ёс' эвслийн бүлэг завсарлага авлаа

А.Сэвжид
2016-04-27 01:50

УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт /Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай-г хэлэлцэхээр жагсаалтад оруулсан.

Энэ нь ҮХЦ-ээс гаргасан жагсаалтын 28-н суудлыг мажоритар болгох тухай асуудал. Үүнийг МАН, АН-ын гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол МҮАН, МАХН, ИЗНН-ын гишүүд жижиг намуудад халтай шийдвэр гаргалаа гэж үзсэн. Учир нь мажоритар систем бол илүү санал дэмжлэг авсан нь олон суудал авдаг тогтолцоо билээ.

УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр:

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Манай бүлгийн хуралдаан өглөө зарлагдаж одоо болж байна. Чуулганы хуралдаан эхэлсэн гэхээр нь би энд завсарлага авах гэж орж ирлээ.Цэцээс гаргасан пропорциональ тогтолцооны асуудлаарх дүгнэлтийг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг ярилцаж байна. Ийм учраас тав хоногийн завсарлага хүсэж байна"

УИХ-ын дарга З.Энхболд “Завсарлага авмааргүй байгаа юм. Хугацаа тулчихсан үед аль нэг талаар намуудад гишүүдээ дэвшүүлэх боломж олгох хэрэгтэй"

УИХ-ын гишүүн А.Бакей “Сонгуулийн ойртож байгаад үед завсарлага авах асуудал онцгой нөлөөлөх шинжтэй байна. 4 сарын 30-н гэхэд шилжилт хөдөлгөөн зогсох ёстой. Нэр дэвшүүлэх ажиллагаа тулж ирчихээд байна. Хуульд ийм асуудлаар завсарлага авах бол хугацаанд саад болохгүй байхаар авах ёстойг гишүүд анхаарахыг хүсэж байна" гэв.

Ингээд "Шударга ёс" эсвэл Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэх асуудлаар завсарлага авлаа. Гэхдээ тав хоногийнх биш гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд онцлон хэллээ.