Нийгэм

Харилцаа холбооны салбарынхан 2025 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрөө хэлэлцэж байна

Bolor Rose
2016-04-27 03:24

Монгол улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар 2016-2025 онд баримтлах бодлогын зорилго зорилтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үүнд салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын санал санаачлагыг нэгтгэх зорилгоор “Мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжлийн стратеги” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, нээлттэй хэлэлцүүлэг болж байна.

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлого тодорхойлогч, зохицуулагч төрийн байгууллага, судалгаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч бизнесийн  байгууллагуудын инженер техникийн ажилтан, албан хаагчид болон энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид хуралд оролцож байна. 

Хурлаар  МУ-ын гавьяат холбоочин, Холбооны сайд асан И.Норовжав ‘МУ-ын харилцаа холбооны салбарын түүхэн замнал”,  МУ-ын гавьяат холбоочин, Холбооны сайд асан Ц.Готов “1960-1990 онд Харилцаа холбооны салбарт оруулсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт’ сэдвүүдээр илтгэл тавьж  Монгол улсад харилцаа холбоо үүсч хөгжсөн үүх түүхийн талаар хуваалцлаа. Мөн  салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид өөрсдийн санал санаачлыг хүргэх зорилготой эрдэм шинжилгээний бүтээлүүдийн илтгэлээ тавьж, үзэл бодлоо солилцсон юм. 

Хурал үргэлжилж байгаа бөгөөд үлдсэн цагуудад  “Шинжлэх Ухааны судалгааны арга аргачлалыг харилцаа холбооны салбарын хөгжилд нэвтрүүлэх “ сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж хэлэлцүүлгээс 2016-2025 онд төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар 2016-2025 онд баримтлах бодлогын зорилго зорилтод хэлэлцүүлгээс гаргах зөвлөмжийг гаргах аж.