Спорт

"Улаанбаатар марафон" олон улсын гүйлт зургадугаар сарын 4-нд болно

А.Сэвжид news.trends.mn
2016-04-29 09:18

"Улаанбаатар марафон" олон улсын бүх нийтийн гүйлт зургадугаар сарын 4-нд зохион байгуулагдана.

Марафоныг мэргэжлийн болон сонирхогчдийн гүйлт гэсэн хоёр төрлөөр явуулах бөгөөд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанаас гаргаж, тус бүрийн маршрутаар гүйж, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд барианд орохоор зохион байгуулжээ.

Мэргэжлийн тамирчдын марафон нь хагас марафон буюу 21 км,  бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлт гэсэн төрлүүдтэй байх юм. Харин сонирхогчидын дунд явуулах марафоныг дөрвөн насны ангиллаар гурван зайд уралдуулах юм байна. Тодруулбал 5000 метрийн гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш насныхан, 10000 метрийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох юм.

Мөн гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт нь 1.5 км зайг туулах юм байна.

Бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлтэд түрүүлсэн тамирчинд: 

  • I байр 10 сая төгрөг
  • II байр найман сая,
  • III байрт шалгарсан тамирчинг зургаан сая төгрөгөөр шагнана.

Сонирхогчдийн гүйлтийн 10000 метрийн зайн:

  • тэргүүн байрыг 500.000 төгрөгөөр,
  • II байрыг 400.000 төгрөгөөр,
  • III байрыг  300.000 төгрөгөөр,

5000 метрийн  зайн  гүйлтийн: 

  • I байр 300.000 төгрөг,
  • II байрыг 250.000 төгрөг,
  • III байрыг 200.000 төгрөгөөр тус тус шагнах юм байна.

Мөн тэмцээний бүх төрөлд  4-10 дугаар байр эзэлсэн гүйгчдийг дурсгалын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ.

Марафонд оролцох хүсэлтэй иргэд  www.ub-marathon.ub.gov.mn сайтад онлайнаар, харъяа дүүргийн Биеийн тамир, спортын хороонд болон Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын байранд  очин бүртгүүлэх боломжтой. Бүртгэл тавдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.