Х.Тэмүүжин: Албан ёсны мафитай л болно доо
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний VTV-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Манай нэвтрүүлэгт нэг зарчим бий. Нэвтрүүлэгт орсон зочдынхаа шүтдэг шашных нь судрыг тавьж байгаад ”Энд зөвхөн шударга үнэнийг ярина” гэсэн баталгаа авдаг. Таныг би буддын шашинтай байх гэж бодож байна. Эсвэл үгүй юу?
-Би шинжлэх ухааны хүн, шашинд гүн итгэл үнэмшилтэй хандаад байдаггүй. Итгэл үнэмшил, сүсэг бишрэл гэдэг хоёр өөр зүйл. Хүн ямар нэг бурхан, далдын хүч, эсвэл хойд насанд итгэж, сүсэглэж болно. Шинжлэх ухаанд ойр хүмүүс бодит мэдээлэл, учир шалтгаанд итгэж үнэмшдэг. Тэр нь цаасанд бичигдэхээрээ онол ном болдог. Нэг талаар шашны сургаалтай адилхан. Тиймээс хуульчид таны энэ зан үйлийг хамгийн ухаалаг байдлаар хийе гэвэл Үндсэн хууль дээр гараа тавьж тангараг өргөх байх аа.
-Бодож үзээгүй хувилбар байна. Дараагийн удаа Үндсэн хууль авчирья. Олон нийт Х.Тэмүүжин гэдэг хүнийг “Хуулийн салбарт эрс шинэтгэлийг хийх гэж оролдсон” гэдгээр нь их сайн мэддэг. “Оролдсон” гэж хэлж байгаад уучлаарай. Таны хийсэн ажлуудыг буцааж засварлах гэсэн оролдлогууд их хийгдэж байгаа учраас ингэж хэллээ. Википедиад таны тухай “1971 онд Төв аймгийн Зуун мод хотод төрсөн. Зуун мод хотын 10 жилийн сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөөд сургуульдаа багшаар үлдсэн. Нээлттэй нийгэм ТББ-ын тэргүүн, Монголын либертари сангийн удирдах зөвлөлийн гишүүн, АН-ын нарийн бичгийн дарга, Нээлттэй форумын удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд хүртэл албан тушаал хашсан” гэж бичсэн байна. Гэхдээ сүүлийн үед би таныг нэлээд “философидох” болсон юм уу гэж хараад байна. Философи таны судалдаг бас нэг салбар уу?
-Философи миний салбар биш. Гэхдээ хуулийн шинжлэх ухаан дотор эрх зүйн философи гэж дагнасан төрөл байна. Нэг төрлийн мэдлэг. Шударга ёс гэж юу вэ, хүний амьдарч байгаа нийгэм юун дээр суурилдаг вэ, хэтэрхий орчин үеийн бөгөөд эдүгээчлэгдсэн цаг үед энэ нийгмийн суурь зарчмыг ямар үзэл санаа тодорхойлж байна вэ гэдгийг уг үндсээр нь хайдаг чиглэл бол эрх зүйн философи. Тиймээс ямар нэг зүйлийг гүнзгийрүүлэн судалж уг үндсээр нь тодорхойлохыг оролдож байгаа хүн бүр хүссэн хүсээгүй тэр философи руу дөхөж очино л доо. Тэр нь заавал философич байх албагүй. Зүгээр философийн мэдлэгийг ашиглах тухай л юм.
-Х.Тэмүүжин Америкийн эрх зүйн системийг монголчлох гэж оролдож байна, Германы хуулиудыг махчилж орчууллаа гэсэн шүүмжлэл бас байдаг. Энэ тухай?
-Дэлхий нийтээр харьцуулсан шинжлэх ухааны мэдлэгийг ашиглаж байна. Харьцуулсан эдийн засаг, харьцуулсан улс төр, харьцуулсан эрх зүй гээд. Энэ юу гэхээр шинэ дугуй зохиохоосоо илүү бусдын зохиосон дугуйг өөрт тохирсон хэлбэрээр засч сайжруулах явдал. Энэ нь туулах замаа товчилж, эрсдэл багатайгаар асуудлаа шийдэхэд тусалдаг. Хүссэн хүсээгүй бид тогооноосоо давж харах цаг болсон. Тогоон дотроо л хэрэлдээд суугаад байвал тамын тогооны үлгэрээр л дуусна. Манайхтай адилхан зовлон, адилхан бэрхшээлийг даваад туулчихсан бусдын сайн туршлагыг авч хэрэглэх нь муу зүйл биш.
Хэн сайн суралцана, тэр илүү амжилтанд хүрдэг цаг үе шүү дээ. Харин авч байгаа зүйлээ өөрийнхөө системд тааруулж засварлах, урт хугацааны ололт болгож ашиглахад ухаан зарна. Хийрхсэн шүүмжлэлүүд олон байна л даа. Америк маягийн Эрүүгийн хуультай боллоо ч гэдэг юм уу. Тэгээд яг юуг нь Америкаас хуулсан байна, бодитой баримттай гаргаад ярь гэхээр хэн нь ч чаддаггүй.
-Шүүмжлээд байгаа асуудлаа өөрсдөө мэдэхгүй байна гэсэн үг үү?
-Тийм. Шинэ Эрүүгийн хууль бол цэвэр Герман маягийн хууль.
Тэр дундаа Германы их сургуулиудын загвар болгож боловсруулсан Эрүүгийн хууль дээр түшиглээд манайх шиг шилжилт хийж байгаа улс орнуудад ямар асуудал хөнддөгддөг вэ гэдгийг харж харьцуулж хийсэн хууль. Бүхэл бүтэн 16-17 жилийн судалгааны үр дүн.
-Сүүлийн долоо, арав хоног та нэлээд бухимдалтай байх шиг. Таны твиттер, фэйсбүүкт тавигдсан зүйлүүдийг харж байхад...
-Бухимдах юу байх вэ. Болж байгаа үзэгдлийн үр дүнг тоочиж харуулахыг л оролдож байгаа юм. Жил хагасын өмнө болж өрнөсөн үйл явц өнөөдөр зорьсон зорилго, үр дүн лүүгээ алхаж байна шүү дээ. Магадгүй, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан шалтгаан нь Тэмүүжин гэдэг хүнийг Хууль зүйн салбараас зайлуулах давхар хэрэгцээ ч байсан
байх. Маш олон хүн “Хуулийн салбар, хуулийн салбарын эрх мэдэлтнүүд миний хүн байх ёсой” гэсэн атгаг бодолтой явдаг. Миний хүн байж намайг хамгаална, бизнес маань эрсдэлгүй байна, дургүй хүрвэл өрсөлдөгчөө ч айлгаж, намнаж болно гэдэг бодолтой байсан.
Тэр бүх бодолд нь би “Хуулийн байгууллагыг хэн нэгний алх болгож аваачиж өгнө гэвэл уучлаарай, энэ хуулийн засаглал биш ээ” гэж хариулж байсан. Заримтай нь түр тар хийгээд салж ч байсан. Эцэст нь “чихгүй, сонсдоггүй” гэдэг хочтой ч болсон. Чихгүй, сонсдоггүй хүнийг яах ёстой вэ? Барын зулзагыг бага дээр нь гэдэг л болсон шүү дээ. Одоо харахад хэний ямар бүлэглэл өөрсдийн гэсэн Хууль зүйн сайдтай болох гэж чармайсан, хийсэн хулгай луйвраа хүчний байгууллагуудаар дарах гэж оролдсон бэ гэдэг нь маш тодорхой харагдаж байна л даа.
-Ямар бүлэглэл?
-Намайг сайдаас огцруулахын тулд ямар үйл ажиллагаанууд явуулсныг л эргээд саначих. Тэр үед нь ч би нэр заагаад хэлж байсан. Цагдаагийн байгууллагын удирдлагууд “Баянгол” зочид буудлын өрөөнд хуралддаг болчихсон л үе байсан шүү дээ. Ийм цагдаагийн байгууллага Монгол Улсад хэрэгтэй юу? Тийм учраас би цагдаагийн удирдлагуудыг сольсон, зарим хурандаа нарыг ажлаас нь чөлөөлсөн. Тэрний дараа Ерөнхий прокурор, цагдаагийн дарга нэг фракци болоод УИХ-ын нэг гишүүнтэй нийлээд над руу боорлосон. Өнөөдөр яг тэр бүтцээрээ ЦЕГ-ын дарга руу боорлож байна. Эцсийн зорилго юув? Зүгээр л хулгай, луйвраа нуун далдлах.
-Твиттертээ “Дорлигжав Чингисийг холдуулж, Батсүхийгээ үүрэг гүйцэтгэгчээр тавих гээ юу” гэж жиргэсэн байсан?
-Ерөнхий прокуророос Хууль зүйн сайд болсон хүн сайдын суудлынхаа хариуг юугаар төлөх вэ гэдгийг олон нийт харж байгаа. Хууль зүйн сайд хүн энэ улсад хууль сахиулах, хулгай зэлгийг таслах, шударга ёсыг тогтоох, өмгөөлж хамгаалах ёстой биз дээ. Түүнээс биш ажлаа хийж байгаа байгууллагын ажил үйлийг харлуулж, хэдэн луйварчны захиалгаар удирдлагыг нь огцруулах гэж улайрч суудаг сандал ширээ биш. УИХ-ын чуулган дээр хүртэл тэр хурандаа нараа авчираад “төрийн нууц” гэдгээр халхавчилж хүнийг гэмт хэрэгт гүтгэж байсан л нөхөд шүү дээ. Гэвч хуулийн хашаа гэж нэг юм байна. Хичнээн тонгочсон ч гэсэн буцаагаад татаад оруулаад ирдэг хуулийн хашаа байна аа. Монгол Улс муу ч, сайн ч бас нэг хуультай улс. Д.Дорлигжавын гар хөл болж явсан тэр хурандаа нар өнөөдөр хүн гүтгэсэн
, хууль бусаар тагнаж чагнасан хэрэгтээ шалгагдаж байна. Тэнд гэрчээр дуудагдсан, мэдээлэл нь авагдсан олон хүн байсан. Гэтэл тэр хүмүүс дээр давхцуулаад “төрийн нууц задалсан” хэргээр эрүү үүсгээд шалгаж байгаа юм байна.
-Төрийн нууц задалсан гэж үү?
-Систем ингэж л ажилладаг юм байна. Хуулийн байгууллагыг хүссэнээрээ хөдөлгөнө гэж бодож байсан хүмүүс тэр гар хөлөө алдахаар бачуурч үхэх гэж байна л даа. Сүүлдээ бүр улаан цагаандаа гарч байна. Хуулийн салбарыг яагаад шинэчлэх ёстой вэ гэдгийг тэр хүмүүс дахин дахин ойлгуулж байна.
-Мүүнээр шалтаглаад Лу.Гантөмөр, цаашлаад Ц.Элбэгдорж руу баахан дайрсан. Женко, Нямдорж хоёр нэг хэсэг хэрэлдсэн, одоо Женко, Тэмүүжин гээд асуудал үргэлжилж байна. Ар ардаа нэг баг бүрдүүлчихсэн л үзээд байх шиг. Юунаас болоод тэр вэ?
-Хэрэлдэж зодолдох бол амархан. Зарчим дээрээ удаан зогсох шиг хэцүү юм байхгүй. Гэхдээ зарчим дээрээ зогсч байгаа хүн ямагт хэлэх үгтэй, зөвтгөх тайлбартай байдаг. Би хэнтэй ч зодолдоогүй, зарчмаа л барьсан.
Хуулийн байгууллага иргэнд үйлчлэх үүрэгтэй, ил тод ажиллах, хуулиа дээдлэх ёстой. Алдаа гаргасан бол хариуцлагаа ч хүлээдэг байх ёстой. Энэ бол зарчим. Энэ зарчмаа бариад ажиллахад хамгийн түрүүнд над дээр “Чи миний хүмүүсийг халлаа” гээд цаас бариад орж ирсэн хүн бол Женко.
Тэдэн дотор нь өнөөдөр өөрийнх нь үзэн ядаад байгаа Р.Чингис байсан, ”Энэ миний хүн” гээд зааж байсан. Би ганц л үг хэлсэн. 2012 онд бид нэг амлалт өгсөн. Цагдаагийн байгууллага аль нэг эдийн засгийн бүлэглэл, улстөрч, тэр тусмаа рецетив гэмт хэрэгтнүүдийн гар хөл байж болохгүй. Тиймээс бид энэ шинэтгэлийг дэмжих боломжтой хүмүүсээ томилно гэж. Намайг сайдаар очиход Р.Чингис ЦЕГ-ын дэд дарга байсан
, чадалтай боловсролтой залуу. Тиймээс цагдаагийн алба хаагчдыг бэлтгэдэг ХСИС дээр очоод боловсон хүчин бэлтгэ гэж үүрэг өгөөд явуулсан. Удалгүй дахиад бөөн бужигнаан болсон. Цагдаагийн дарга нарыг “Баянгол” зочид буудалд цуглуулаад хуралддаг болсон. Цагдаагийн дарга хэн байхаас үл хамаараад очсон хүнийг нь худалдаж авдаг
систем ажиллаж байгаа байхгүй юу. Хийх гэж байгаа шинэтгэлийн өмнө тээглээд зогсч байгаа бол хэнтэй ч гэсэн зарчмаа бариад тулахаас өөр аргагүй. Тэр нь Х.Баттулга байна уу, хэн байна хамаагүй.
-Магадгүй, Х.Баттулга гишүүнд ч гэсэн өөрийн зарчим байдаг л байх?
-Миний хүн, чиний хүн гэж харж байгаа бол тэнд ямар нэг зарчмын тухай ойлголт байхгүй
шүү дээ. Тэнд эрх ашиг л ойлголт байна. “Эрх ашиг” гэдэг үг ч хэтэрхий гоёдох байх.
-“Цагдаагийн даргыг эрүүгийн гэмт хэргийн сэжигтнүүдийн захиалгаар огцруулах нь шууд утгаараа төрийн эргэлт юм. Төрийг дээрэмчид авлаа” гэх хүмүүс ч байсан. Үнэхээр тийм үү?
-Д.Дорлигжав сайд ЦЕГ-ын дэд даргаар Ц.Батсүх гэдэг хүнийг томилсон. Энэ хүнийг Цагдаагийн дарга болгох, цагдаагийн удирдлагад байлгах бүх яриа хэлцлийг манайдаа рецедив гэгддэг нэр бүхий хүмүүс хийдэг юм. Цагдаагийн дарга хэн байхыг хулгайч нар шийддэг байвал
цагдаа өөрөө тэдний үйл ажиллагааг хууль ёсны болгох хэрэгсэл л болж хувирна. Тийм учраас ийм хүмүүсийг дээш гаргаж хэрхэвч болохгүй гэдгийг би тухайн үед нь ч хэлж байсан. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүн “Би энэ намд том хүн учраас, өөрийн гэсэн фракцитай учраас, тэр фракцийн сайдтай учраас цагдаагийн дарга хэн байхыг би шийднэ” гэж байгаа бол сая чиний хэлсэнтэй зарчмын хувьд яг адил. Цагдаа улс төрждөггүй, иргэнд үйлчилдэг, хуулиа дээдэлдэг л байх ёстой.
Тэнд мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой, улстөрч хэрэггүй. Ямар нэг компани, том бизнесийн ашиг сонирхлын төлөөлөл тэнд байх ёсгүй. Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаад цагдаагийн байгууллага дээр гурван л зарчим барьсан. Улс төр, бизнесийн ашиг сонирхол, гэмт бүлэглэл хуулийн байгууллагын толгой руу мацахгүй гэдэг зарчим. Энэ зарчмынхаа төлөө тууштай явна.
-Таны жиргээнд “Авлигачид нэг талдаа гарч байгаа бол хууль ёсыг өмөөрсөн хэсэг нь ч бас нэг талдаа нэгдэх болно” гэдэг үг явж байна лээ. Аль талд нь олон хүн нэгдэх бол?
-Энэ бол намын хуваагдал биш, найз нөхдийн ч хуваагдал биш. Энэ бол зарчмын хуваагдал. Монгол Улсад хууль байдаг бол, хуулийн өмнө хүн бүр тэгш гэдэг үнэн бол гудамжинд яваа хулгайчаа “паа пүү” гэж барьж хорьчихоод төрд байгаа хулгайчаа эх орончоор нь дуудаад сууж болохгүй л дээ. Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш гэсэн Үндсэн хуулийн зарчим ямар ч хоёрдмол утгагүй, танай манай гэдэг талцал, тэрний энэний нам гэдэг хуваагдалгүйгээр ижил тэгш үйлчлэх ёстой. Энэ зарчмыг эвдэх гэж гэсэн оролдлого байнга л гарна. Түүнийг нь сөрөөд хүчтэйхэн дуугарах зориг болоод ухаан зарим хүмүүст нь байхгүй бол энэ нийгэм чинь байдгаа бараад дуусна. Хулгай луйвраа нуух, авлигаа аргацаахын тулд хуулийг болон хуулийн байгууллагуудыг дэвслэх гэж оролдож байгаа бол тэрнийх нь эсрэг “Боль оо” гэж хэлж чадах хэсэг нь зогсох л ёстой.
-Тэгж чадах болов уу?
-Ингэх нь иргэн хүний үүрэг гэж би ойлгож байна. Зарим нэг нь өөрийгөө “Би энэ улсыг чирч яваа манлайлагч нь” гэж итгэдэг бол манлайлагч хүнд байх ёстой мөн чанар гэж бодож байна.
-Цэцийн сүүлийн шийдвэрийг талаар юу хэлэх вэ? Та бол чадлаараа эсэргүүцсэн. Гэсэнч өөрчлөх боломжгүй болчих шиг боллоо...
-Хувь тэнцүүлсэн тотолцоог Монгол Улс Үндсэн хуулиараа хорьсон гээд Цэц зарлачихлаа. Б.Чимид багшийн номд байгаа. Үндсэн хуулийн “шууд сонгох” гэдэг үг сонгогч саналаа шууд болон нууцаар гаргах эрхийн асуудал болохоос биш сонгуулийн тогтолцооны асуудал биш. Цэц бол их муйхраар тайлбарлалаа шүү дээ.
Хувь тэнцүүлсэн тогтолцоонд иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгааг би үгүйсгэхгүй. Энэ тогтолцоогоор дамжуулж намууд өөрсдийн мөрийн хөтөлбөр, урт хугацааны бодлогоо хадгалж үлдэх ёстой байтал хамгийн муу муухай, хоцрогдсон болхи, үхширсэн улстөрчдөө хадгалж үлдэхээр оролдож нь ч үнэн. Үүнээс нь болоод сонгогчид “Энэ тогтолцооноос болоод энэ нөхдүүд байгаад байна” гэдэг гомдолтой байна. Гэхдээ энэ бол сонгуулийн тогтолцооны асуудал биш, намууд өөрсдөө улс төрийн нам шиг байж чадаж байна уу үгүй юу гэдэг л асуудал. Парламентын засаглалтай бүх улс оронд байдаг зүйлийг манайх “Байхгүй” гээд хэлчихлээ шүү дээ. Үүний үр дагавар дахиад жалга довны 76 депутат, гишүүдийн тэрбум эргэж гарч ирнэ. Сонгогдож л байвал юу ч хийхээс буцахгүй, Монгол Улсыг дампууруулахаас ч буцахгүй болно. Би байнга хэлдэг, тэрэндээ ч адлуулдаг. Үндсэн хуулийн Цэц улстөрчдийн “морг” боллоо гэж. Хөгжил дэвшил хаана вэ
гэдгийг харахаасаа илүү хойш нь татдаг муйхар хар хүч тэнд хуримтлагдчихлаа шүү дээ. Дээр нь нэмээд гэмт хэрэгтнүүдийг хамгаалдаг үүр уурхай болсон. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийг бусад орны Үндсэн хуулийн шүүхүүдтэй адил ил тод, хариуцлагатай болгох ёстой. Харамсалтай нь тэр зүйл рүү хийсэн нэг алхамыг буцаагаад өөр зүйлийн наймаа болгочихоод байна.
-Африкийн нэг улсын тухай кино үзсэнээ санаж байна. Хориод жилийн өмнө зүв зүгээр хөгжиж байсан улс уул уурхайгаа ашиглаад, америкчууд, Дэлхийн банк, ОУВС-г оруулснаас хойш хорин жилийн дараа туйлдаа хүртлээ дампуурч, ширхэг талхыг тэвш мөнгөөр авдаг болсон тухай. Эсэргүүцэж шүүмжилсэн хүн бүрийг “төрийн дайсан” гээд шоронд хийчихдэг. Монголчууд өмссөн хувцас, өнгө зүс өөр боловч тэднээс нэг их холгүй очоод байгаа юм биш үү?
-Би өөдрөг хүн. Монголчууд арай ч тиймдээ хүрсэн гэж бодохгүй байна. Асуудлаа шийдээд зөв зам руугаа явна гэдэгт итгэдэг. Муу ч, сайн ч хуультай улс. Хуулийнхаа хүрээнд тонгочвол яасан юм гэдэг олон нийтийн хүлээлт болон итгэл үнэмшилтэй, улс төрийн орчинтой. Тиймээс ямар ч байсан өөрчлөлт гарна. Энэ өөрчлөлт удаашраад байгаа гол шалтгаан нь албан тушаалд очихоороо эрх мэдлийн дон хүрчихдэг улстөрч хэтэрхий олон байна. Хэн нь ч адилхан, Ерөнхийлөгч нь ч ялгаагүй. Эрх мэдэлд очихоороо “Энэ эрх надад хэрэггүй. Үүнийг байх ёстой газар нь өгье” гэж өөрийгөө чөлөөлж суллахын оронд болж л өгвөл, олдож л байвал нэмээд л байх санаатай. Эрх мэдлийн ийм шунал хэтэрхий олон хүнд байна.
Үүнийгээ л татчих юм бол гэрэл гэгээтэй өөрчлөлт ирнэ. Эрх мэдлийн тэр төвлөрлийг сааруулж, байх ёстой газар нь шилжүүлж, хуваалцаж сурах хэрэгтэй. Тэгэхгүйгээр эрх мэдлийн тулаан дуусахгүй. Ний нуугүй хэлэхэд энэ цагдаагийн даргатай холбоотой энэ талцал ч гэсэн эцсийн дүндээ хаана очиж байна гэхээр УИХ, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гурав дээр очоод “хэн нь илүү хүчтэй вэ” гэдэг хэрүүл рүү л орж байна шүү дээ.
-Миний түрүүнээс хойш хэлүүлэх гээд байсан зүйл энэ л дээ?
-Би энэ гурван субектэд гурвууланд нь шүүмжлэлтэй ханддаг. УИХ-ын дарга бол спикер шүү дээ, хуралдаан зохион байгуулагч. Гэтэл түүнийг тусад нь институци, байгууллага шиг болгоод УИХ-аасаа давсан эрх мэдэл эдлээд байж болохгүй шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг хүн өнөөдөр Үндсэн хуульд заасан эрх мэдлээсээ арав дахин илүү эрх мэдлийг өөр дээрээ овоолчихсон байна. Н.Энхбаяр гэдэг хүн Ерөнхий сайдаас УИХ-ын дарга, Ерөнхийлөгч болонгуутаа
“Ерөнхийлөгчид Ерөнхий сайдын хэмжээний эрх мэдэл байх ёстой юм байна” гээд бүх эрх мэдлийг өөр дээрээ овоолсон. Дараа нь очсон ардчилсан Ерөнхийлөгч “Би ардчилсан үзэлтэй хүн. Иргэнээсээ илүү эрх мэдэл надад хэрэггүй” гэж хэлээд тарааж яагаад болоогүй юм. Тэр л жинхэнэ ардчилал шүү дээ. Дээр нь манай Ерөнхий сайд бол тоглоомын Ерөнхий сайд болсон. Ерөнхий сайдын түвшний эрх мэдэл тэр хүнд олгогдохгүй байна. Нэг талаас нь Ерөнхийлөгч, нөгөө талаас нь УИХ-ын дарга булааж аваад, эндээс 76 гишүүн татаж чангаагаад тэр хүний эрх мэдлийг юу ч үгүй болтол нь мэрж байна. Огт эрх мэдэлгүй гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн хэзээ ч хангалттай үр ашигтай ажиллаж чадахгүй. Тийм учраас Үндсэн хуулиа өөрчлөх ёстой, эрх мэдлийн хуваарийг илүү зохистой болгох хэрэгтэй гээд байгаа юм. Гүйцэтгэх эрх мэдлийг авч явж, УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг хүн бол Ерөнхий сайд. Гэтэл огт хариуцлага хүлээдэггүй хүмүүс эрх мэдлийг нь зэрэмдэглэж хуваагаад байна шүү дээ. Энэ мэтчилэн олон асуудлыг шийдэхийн тулд бидэнд улс төрийн эр зориг л хэрэгтэй. Энэ их эмх замбараагүй хэрүүл зодоон чинь эцсийн дүндээ эрх мэдлийг зөв хуваарилаагүйгээс л үүссэн гажиг.
-Та хууль зүйн сайдаас огцроогүй, үргэлжлүүлээд хийж байсан бол өнөөдөр хуулийн салбарын шинэчлэл ямар үр дүнд хүрэх байсан бол?
-Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг процессийн хуулиудтайгаа хамт батлагдаад хуулийн байгууллагууддаа сургалт явуулчихсан, Х.Баттулга гишүүний орилоод байгаа хүний эрхийн асуудал хөрсөн дээрээ буучихсан л байх байсан даа.
-Бид юу алдсан бэ?
-Юу алдсан бэ гэдгээс илүү юу авснаа ярьвал тодорхой харагдана. Лав МоАх гэдэг фракци Хууль зүйн сайдаа авсан юм байна.
Монгол Улсын сайд нэг фракцийн сайд болж жижгэрсэн байна.
Хууль зүйн сайдын суудал хулгай зэлгийг өмөөрөх эрх мэдлийн индэр болж хувирсан байна. Олсон гэвэл тэр байна. Алдсан нь бол зөндөө. Хугацаа алдсан, дээр нь итгэл найдвараа алдахад их ойрхон байна.
-Үндсэн хуулийн Цэц, Хууль зүйн сайд хоёр хүссэндээ хүрвэл байдал хаашаа эргэх бол?
-Монгол Улс албан ёсны мафитай л болно биз, өөр яах вэ дээ. Засгийн газарт төлөөнийхөө хүмүүсийг байрлуулсан, өөрийн гэсэн хуулийн байгууллагатай, тусдаа хуультай, бизнес эрхлэгчдийн бизнесийг явуулдаггүй, зөрүүлээд хамгийн их хулгай хийдэг хүмүүс л улс доторх улс болох нь байна. Үр дүн тэгж л харагдаж байна. Зарим нэг гишүүд нь “Цагдаагийн даргыг чөлөөхгүй бол фракцийнхаа сайдыг Засгийн газраас татна” гэж ярьж байна шүү дээ. Гаднын улсад төлөөлөгчийн газар, Элчин сайдаа байрлуулчихсан аятай загнаж байна лээ. Ямар ч зарчимгүй, дүрэмгүй, хуульгүй. Энэ л Монгол Улсыг алж байна шүү дээ. Надад бол аймшигтай сонсогдсон.
-Би өмнө “Чухал яриа” нэвтрүүлэг хийж байхдаа хоёр ч удаа сонссон юм байна. “Монгол Улсад шударга хөдөлмөрөөр хөлжиж хөрөнгөжихийн хэрэг алга. Төр нь шоронд хийж байгаад өмч хөрөнгийг нь булаагаад авдаг юм байна” гэдэг үгийг хоёр ч хүнээс сонссон. Ах нь мөнгө хөрөнгөтэй, чадалтай явахаас илүү айж байна гэж ярьж байсан...
-Миний дотроо бодож шаналж явдаг зүйлийн нэг. Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүрээр бусдыг тонон дээрэмддэг явдлыг зогсоохгүйгээр Монгол Улсад шударгаар бизнес хийх хүн гарахгүй, ажлын байр байхгүй, хөдөлмөрлөж олсон мөнгөө халаасандаа хийгээд үр хүүхэддээ очих хүн ховордоно. Үүнийг зогсоох хоёр л арга байна. Нэгд, хуулийн байгууллага дотор нь шинэтгэл хийх хэрэгтэй. Тэрийг эхлүүлсэн, гэхдээ гүйцэд хийж чадаагүй. Хоёрдугаарт Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлий хууль гаргаж хуулийн байгууллагын гох дэгээнд өлгөгдсөн иргэдээ суллаж авах хэрэгтэй. Тэрийг нь хийчихсэн. Одоо дутуу үлдээснээ л дуусгах хэрэгтэй. Дуусгахын тулд яах аргагүй Эрүүгийн хэргийг шалгаж, хэн нэгнийг гэмт хэрэгтэн мөн үү бишүү гэдгийг шийдэж байгаа тэр хуулиа шударга ёс, хүний эрхийн ухаалаг зохицуулалт руу оруулах хэрэгтэй. Энэ хуулийг батлах гэж УИХ бараг өдөр шөнөгүй ажиллаж байна.
-Шалгаж байгаа нэрээр шоронд хийж бүх эдийн засаг бүх юмыг нь дуусгаад юу ч үгүй болсных нь дараа гаргаад тавьчихаар нөгөө хүн нь зүгээр л амьд үлдэхийн төлөө тэмцдэг юм байна. Магадгүй дараа нь “Уучлаарай” гэж хэлэх байх л даа. Тэрний оронд бараг буудаад алчихсан нь дээр юм биш үү?
-Тэр үзэгдэлтэй чинь холбоотой 3-4 хүний гомдол намайг сайд байхад ирж байсан “Та гомдлоо цаасан дээр бичээд өгөх үү?” гэхээр “Үгүй ээ, би айж байна. Амаараа ярьчихья” гэдэг. Тэр гомдол санал дунд ирсэн 1-2 сая ам.долларын баримтыг би олон нийтийн сүлжээнд жиргэснээ ч санаж байна. Хуулийн байгууллагын нэр сүрээр бусдаас авдаг авлигын хэмжээ гэдэг тайлбартайгаар. Одоо ашгүй авлигачид нь нэг талдаа гарчихлаа.
-Тан дээр явуулсан гүйцэтгэх ажиллагааг та баримтаар гаргаж тавьсан. Дараа нь таныг нэг эмэгтэйтэй унтсан барьсан гээд бүх хүнийг итгэтэл ярьсан. Т тэр үед “Энэ бүхний цаад зорилго удахгүй ил болно. Энэ хүмүүс их удаан ингэж явахгүй” гэж хэлж байсан. Одоо танд ямар баримт нотолгоо байна?
-Тэр үед гүйцэтгэх ажиллагаа явуулсан хүмүүс дээр эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Шалгагдаж байгаа учраас би тийм ийм гэж хэлж чадахгүй байна. Нэг л зүйлийг хэлэхэд энэ дөрвөн жилд АН дотор байгаа арай дөнгүүр гэсэн болгоныг онилж байгаад компаничлан хэвлэлээр балбасан. Мүүн гэж байгаад Лу.Гантөмөрийг балбалаа.
Тагнуул гэж байгаад М.Батчимэгийг балбалаа.
Энэ бүгд ардаа ганцхан эзэнтэй байгаад л харамсаж байна.
-Ганц эзэн нь хэн юм?
-Намайг хар тамхитай холбох гээд барахгүй болохоороо хүүхэнтэй унтсан болгож хувиргах компанит ажлыг Х.Баттулга гэдэг хүн л хийсэн шүү дээ. Энэ хүний шунал яасан ч дуусдаггүй юм. Түгжил аятай дандаа хажуудхынхаа хавирга руу хутга шаана. Үнэхээр их мөнгөтэй, илүүдээ гарсан зардалтай, мөнгөө хаанаас олсон нь гайхалтай. Олсон мөнгийг нь одоо хуулийн байгууллага шалгаж байгаа юм шиг байна лээ. Юунд үрсэн нь бол тодорхой. Энэ их кино маягтай захиалгат нэвтрүүлгүүд, хэвлэл мэдээллээр давалгаа үүсгэсэн “пиар”-ууд чинь маш их зардлаар явж байгаа. Хөлсөө урсгаж, шударгаар мөнгө олсон хүн ийм тэнэг зүйлд мөнгөө зарахаас харамлана. Шударга бусаар, хулгайгаар мөнгө олсон хүн бол дахиад хулгай хийхийн тулд энэ хэмжээний мөнгө хаях юу ч биш.
-Өмнө нь тантай уулзахад хэлж байсан даа. Энэ болохгүй байгаа юмаа засах ажлыг бид хийхгүй бол хэн хийх вэ. Бид залуу хүмүүс, улс орноо алдаж болохгүй гэж. Тэгээд дотор нь ороод тэмцлээ, дөрвөн жил өнгөрлөө. Үр дүнд хүрэв үү?
-Өөрчлөлт хийхгүй юм бол мэдлэг хоосон.
Тиймээс гэрэл гэгээтэй өөрчлөлт бүрийг зоригтой хийх хэрэгтэй. Жижиг сажиг алдаа мэдээж байгаа, гэхдээ алдаанаасаа оноо нь хавьгүй илүү шүү. Муу ч, сайн ч өөрчлөлтийн үр дүн дандаа эерэг тал руугаа гардаг. Тиймээс өөрчлөлтөөс айх хэрэггүй. Ийм бодолтой маш олон залуучууд гарч ирж байж энэ нийгэм өөрчлөгдөнө. Ний нуугуй хэлэхэд би үе солигдоосой л гэж хүсч байна. Үе солигдвол бидний хэлдэг ярьдаг, итгэж үнэмшдэг үнэт зүйл ойролцоо болно. Ядаж л түрийвчин доторхоо тоолохоосоо илүү толгой доторх мэдлэгээ шүүн хэлэлцдэг нь хэсэг нь ихсэх байхгүй юу.
Хуулийн өөрчлөлтүүдийг хийж байна, дэвшилттэй юм зөндөө байна. Бид тэр дэвшилттэй зүйлээ олж харахгүй л байна. Тэр дэвшилттэй зүйлийг алга болгох хэмжээний хэрүүл, талцал хуваагдлыг хөөс яваад байна шүү дээ. Нэг сэдэв гаргаж хашгираад, Мүүн, тагнуул гэж хэрэлдүүлээд ард нь хэн нэг хулгайчийн хулгай, луйврын хэрэг л замхрах л юм байна шүү дээ. Энэ хэрүүлийн ард хуулиа боловсронгуй болгох, нийгмээ сайжруулах тухай нэг ч санаачлага байхгүй. Яагаад гэвэл тэр хүмүүс хэзээ ч хуулин дээр суудаггүй, хуулийн судалгаа хийдэггүй, хууль ямар байх тухай боддоггүй, хууль тогтоогчийн ажлаа хийдэггүй юм. Харин “чоно борооноор” гэдэг шиг үймээн дүйвээн үүсгэж байгаад ард нь бизнесээ, хулгай луйвраа, хувийн ашиг сонирхлоо хангах гэж л оролддог. Нэг сэдэв гаргаж бужигнуулаад араар нь өөр юм амжуулж байна
шүү дээ.
-Тухайн үед таныг элдэв хэрэгт холбогдуулан шалгаж байна гээд мэдээлэл гарахад танай гэр бүийнхэн яаж хүлээж авсан бэ. Таныг мэдэхгүй хүнд бол тархинд нь шингэтэл цацсан шүү дээ?
-Хаанаас үүдэлтэй, хэний захиалгатай ажил вэ гэдгийг мэдэж байгаа учраас тоохгүй л дээ. Мөнгөтэй хүн хэвлэлийг худалдаж аваад хүссэн дуугаа захиалахад олон нийт түүнийг яаж дагаж ханарах вэ гэдгийг л нэг нөхөр туршиж харж байна шүү дээ. Тэр нөхрийн туршилт болгоны үр дүнд улс орон хохироод байх юм уу, “одоо чи боль оо” гэж хэлэх юм уу? Тийм л сонголтын өмнө хүн болгон ирж байна даа.
-
27.123.214.*
Зочин
2016-05-02 17:42
Uvchin n huduljee0 0 Хариулах
-
122.201.21.*
Зочин
2016-05-01 23:02
haha jimhene hudlaa gar da.....0 0 Хариулах
-
122.201.17.*
Ард
2016-05-01 17:18
үннээр явахад үхэр тэргээр туулай гүйцнээ- үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй-үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж энэ хүн яалтачгүй үнэн яриж байна, иймэл хүн Монгол биднийг Тамийн тогооноос гаргаж чадах байхдаа,0 0 Хариулах
-
103.212.119.*
Зочин
2016-04-30 18:23
ЗӨВ ШҮҮ0 0 Хариулах
-
68.106.81.*
Зочин
2016-04-30 14:09
Songuuli gej eriig em emiig er eruuliig galzuu galzuug eruul bolgoh yumdaa huuhentei untaal biz har tamhi tataal biz0 0 Хариулах
-
202.9.41.*
Уншигч
2016-04-29 19:35
Хахаха, өөрийгөө дөвийлгэх гэж яасан том том ярина вэ, Тэмбүүжин хүү. Чи энэ том хулгайчдын дэргэд дундуур нь холион бантан хутгаж, нэр хүнд олох гэсэн хаягаа хадардаг, хармааны хулгайч л байхгүй юу. Хармааны хулгайчийг ч гэсэн шийтгэдэг. Тэгэхээр чамайг ч ялгаагүй шалгах л хэрэгтэй.0 2 Хариулах
-
101.177.47.*
Zochin
2016-04-29 11:45
Temka bi chinii sanaa bodliig demjij bna,gagtshuu ene uzel bodoldoo unench bgaarai. Zuv zuil yarihad oilgosog um5 1 Хариулах
-
203.194.114.*
Зочин
2016-04-29 11:36
Ийм хүмүүс олон болоосой5 0 Хариулах