Нийгэм

ФОТО: 'Давтагдашгүй' Пикассо, Өөр нэгэн 'Дали'

А.Сэвжид news.trends.mn
2016-04-29 18:30

Испанийн орчин үеийн агуу их хоёр зураачид Пабло Пикассо, Сальвадор Дали нарын уран баримал, керамик, зураасан зургийн бүтээлүүдийн эх хувийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ.

Үзэсгэлэнд Оросын бизнесмен, цуглуулагч, соёл, урлагийг ивээн тэтгэгч Александр Шадрины сүүлийн 20-иод жилийн турш цуглуулсан Дали, Пикассо нарын баримал, керамик, зураасан зураг зэрэг 200 орчим бүтээлийг дэлгэжээ.

Хайлж буй цаг, нарийхан хөлт заан, шургуулгатай бүсгүй, гал дундах анааш зэрэг Далигийн хамгийн алдартай этгээд санаануудыг энэ үзэсгэлэнгээс харж болно. Мөн уран баримал, зураасан зургийн дүрслэлүүд нь үнэхээр гайхалтай “Өөр нэгэн Дали” энд бий. Тухайлбал: нисдэг эмгэн хумс, титэмтэй ялаанууд, хирсний нуруун дээрх арван долоон далайн зараа гэх мэт.

Харин Пабло Пикассогийн керамикууд түүний бүтээлч хүсэл эрмэлзлэлийн гүн рүү харах боломж олгодог. Эртний хүмүүсийн оюун санаатай нэгтгэх гэсэн урт удаан хугацааны эрэл хайгуул нь түүний керамикуудыг хийх арга, сэдэвт тусгагдсан байдаг.

Домгийн амьтны ертөнц, минотаврууд, бух, вакханалийн баяр цэнгэл, бухын тулаан зэрэг дүрслэлүүд шаазан таваг, ваар саван дээр өөрсдийн байрыг эзэлсэн байдаг. Пикассод амьтад, шувууд урам зориг өгч,керамик дээрээ гэртээ амьдарч байсан шар шувуу, Эсмеральдо ишгийг дүрсэлсэн бүтээлүүд нь бүхэл бүтэн галерей болсон байна.

Үзэсгэлэн 2016 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд том хүн 10000, оюутан 7000, хүүхэд 3000 төгрөгөөр тус тус үзэж сонирхох боломжтой.