Нийгэм

'Домог үлгэр' номын талаар Монсудар хэвлэлийн газраас мэдэгдэл хийжээ

Bolor Rose news.trends.mn
2016-05-02 10:07

Иргэн  Budeekhuu Tumenbaatar өөрийн фэйсбүүктээ "Хүүхдийн цээж бичгийн ном гэнэ үү.Бэлэг эрхтэн энд тэндгүй ургаад ч чихшиг:-)Постондоо засвар хийе. Ф.б найз Мягмар Саруул-Эрдэнийн коммент үлдээсний дагуу.. Энэ ном нь "Домог үлгэр" хэмээх үлгэрийн номын хэсэг юм бн. "Мон судар" хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. Номыг хийсэн хүмүүсийн нэрийг ч оруулж.Гэхдээ ийм домог үлгэр байдаг юмуу. Би багадаа өчнөөн л үлгэр домог уншиж өссөн. Ийм л юм лав уншиж өсөөгүй дэг.Орчин үед ялангуяа хүүхдийн номын агуулгад ямар нэг хяналт хэрэгтэйг энэ жишээ харуулж байгаатай хэн хүнгүй санал нэг байгаа байх. Эцэг, эхчүүд үлгэрийн ном гээд л хүүхдэдээ аваад өгнө. Хүүхэд нь "бэлэг эрхтэн ургаад байгааг" уншиж байх нь зөв үү гэдгийг уншиж нэг болгооно биз ээ.Ном хэвлэн гаргадаг компаниуд ч нэгийг бодож, 2-ыг тунгаах хэрэгтэй байна" хэмээх постыг бичиж энэ мэдээлэл сүүлийн хэд хоног цахим ерөнцөөр түгээд байсан билээ.

Үүнтэй холбогндуулан “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан аман зохиолын цуврал бүтээлийн 4 дэх боть болох “Домог үлгэр” номын талаар дараах  мэдэгдлийг хийжээ. 

1. Тус ном болон эх нь 10 жилийн сурах бичиг, цээж бичгийн материал биш  

2. Үлгэр, домог үлгэр хоёрын ялгааг маш сайн ойлгох хэрэгтэй. Үлгэр нь сургамжийн шинж чанартай байдаг учраас хүүхдэд зориулагдсан гэж ойлгож болно. Харин домог үлгэр нь цэвэр уран сэтгэмжийн, аливаа зүйлийн гарал үүслийг тайлбарласан өөрөөр хэлбэл, эртний хүмүүсийн байгалийн болон нийгмийн үзэгдэл юмсыг өөрсдийн төсөөлөл, сэтгэхүйгээр тайлах гэсэн оролдлогын үр дүн учраас хүүхдэд гэхээсээ илүүтэй эрдэмтэн судлаач, залуу үеийнхэнд танин мэдэхүйн болон судалгааны шинж чанартайгаар хэрэглэгддэг.  

3. Манай ном “Интерном” номын их дэлгүүрээр худалдаалагддаг бөгөөд тус номын дэлгүүрийн хүүхдийн номын болон сурах бичиг, сургалтын материалын хэсэгт тавигдаагүй, зөвхөн аман зохиол, хэл шинжлэлийн хэсэгт тавигдсан байгаа нь хүүхдэд зориулагдаагүй гэдгийг илтгэх биз ээ. 

4. Монгол ардын аман зохиолд ялангуяа, үлгэр, домог үлгэрт харгис хэрцгий, зүй зохисгүй үг хэллэгтэй зохиомжууд /болдоггүй бор өвгөн, эрхий мэргэнд хүртэл/ нэлээд бий. Хэрэв тэдгээрийг хасна гэвэл бараг ихэнхийг нь хасах шаардлагатай болно /гэвч манайх заримыг нь оруулаагүй/. Нөгөө талаар өөрчилж засъя гэхээр доктор профессор, эрдэмтэн судлаачид эсрэг байр суурьтай байдаг. Тиймээс хэвлэлийн газрын хувьд тэр чигээр нь хэвлэх үү, өөрчлөх үү гэсэн хоёрдмол байдалд ордог. Бид энэ мэт асуудлаа боловсролын яаманд тавьдаг хэдий ч тэдний зүгээс тодорхой хариу ер ирдэггүй. Угтаа бол яамны зүгээс нэр цохоод эдгээр үлгэр, домог үлгэрүүдийг хэвлэхийг хориглоно эсвэл ийм ийм чиглэл, утга агуулгыг баримтлан засаж сайжруулж болно гээд тодорхой болгоод өгчихвөл хэн хэндээ ач холбогдолтой зүйл болох билээ.

5. Аман зохиол буюу домог үлгэр нь ард түмний бүтээл байдаг. Тиймээс хэн нэгэнд зохиох эрх огт байхгүй. Тиймдээ ч манайх монгол ардын аман зохиолоо нэгтгэн цуглуулах их зорилго тавин ажилласан. Үүний дагуу манай номон дээр хэвлэгдсэн “Усан матар” нэртэй домог үлгэрийг академич Д.Цэрэнсодномын 1989 онд хэвлүүлсэн “Домог үлгэр” номын 107-р хуудаснаас авсан болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Тус ном нь 2010 онд мөн хэвлэгдсэн бөгөөд “Интерном” номын их дэлгүүрийн хүүхдийн номын хэсэгт худалдаалагдаж байна.

Эцэст нь, энэ мэтээр худал, буруу ташаа мэдээлэл цацаж олон нийтийг төөрөгдүүлсээр байгаа этгээдүүдийг яах ёстой вэ? Хуулийн хариуцлага, зүйл заалт ер нь байна уу?
Мөн үнэн худал нь мэдэгдэхгүй, зөв буруу нь тодорхойгүй хар пи-арын шинжтэй хагас дутуу мэдээлэлд автамтгай, оюуны ямар ч дархлаа байхгүй энэ нийгмийн хар массыг хэрхэн соён гэгээрүүлэх вэ? Үүн дээр холбогдох байгууллагуудыг хариу өгөхийг хүсье. Түүнчлэн худал ташаа мэдээллийг зориудаар болон санамсаргүйгээр цацсан хүмүүсээс (Budeekhuu Tumenbaatar Jana Ganbi) тухайн мэдээлэлдээ залруулга хийхийг шаардаж байна.

Мэдэгдэл гаргасан: “Монсудар” хэвлэлийн газар