Улаанбурхан өвчний эмчилгээнд шаардлагатай эм, тоног төхөөрөмжийг нийлүүлж байна
Өчигдөр болсон засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбурхан өвчний байдал, уг өвчний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр хариуцагч бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Өвчний ерөнхий хандлага буурч байгаа боловч сэжигтэй тохиолдол өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй гарчээ. Улаанбурхан өвчин Орхон, Дархан-Уул, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймаг болон Улаанбаатар хотод тархалт өндөртэй байна. Өнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2057 өвчтөн хандсаны 1515 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 315 нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 0-1 насны 17 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
ХӨСҮТ, ЭХЭМҮТ болон аймаг, нийслэлийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 400 гаруй сая төгрөгийн нэн шаардлагатай эмүүдийг хуваарилж, ХӨСҮТ-д дуслын шахуурга болон соруулагч, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, гал тогооны хэрэгсэл зэрэг 160 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ. АШУҮИС болон Сувилахуйн сургуулийн 800 гаруй оюутныг өрхийн эмнэлгүүд, ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд нэмэлтээр хуваарилан ажиллуулж байна. ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс нийлүүлсэн утлагын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, пульсоксиметр зэрэг 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, 34 сая төгрөгийн эмийг өвчтнүүдийн эмчилгээнд ашиглаж байна. НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан вакциныг энэ сарын 5-нд хүлээн авч, дархлаажуулалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна гэж Шадар сайд танилцууллаа.