ИЗНН шүүхэд хандахаа мэдэгдэв
СЕХ-ноос тус намыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан юм. Үүнтэй холбогдуулан ИЗНН-аас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд СЕХ-ны татгалзсан шалтгааныг үндэслэлгүй хэмээн үзэж, шүүхэд хандахаа дурджээ.
ИЗНН-аас гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
"ИЗНН-аас парламентад суудалтай тус намыг УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхээс Сонгуулийн Ерөнхий хороо татгалзсантай холбогдуулан энэхүү мэдэгдэл гаргаж байна.
Сонгуулийн Ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 121.2 дахь болон 124.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан тогтоолыг 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр гаргасан атлаа манай намд албан ёсоор 5 дугаар сарын 4-ний өдрийн 08 цаг 45 минутад уг шийдвэрээ хүлээлгэн өгсөн нь СЕХ-ны бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгах бололцоог олгосонгүй гэж үзэж байна.
Түүнчлэн СЕХ-ноос ирүүлсэн тогтоолд дурдсан бүртгэхээс татгалзсан шалтгаан нь эрх зүйн хувьд тус намыг 2016 оны УИХ-ын Сонгуульд оролцохоор бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй хэмээн үзэж байна.
Иймд ИЗНН Сонгуулийн тухай хуулийн 111.4.2-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл гаргаж, СЕХ-ны шийдвэрийг түдгэлзүүлэхийн төлөө ажиллахаар тогтсоныг мэдэгдэж байна"