Тамхины онцгой албан татварын хэмжээг хоёр дахин нэмэх хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.05.05/ УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив. Энэхүү хуулийн төслийг өргөн барих хууль зүйн шаардлага нь Монгол Улсын Их Хурлаар 2003 онд хэлэлцэн баталсан Тамхины Хяналтын Суурь Конвенцийн 6-р зүйлд “тамхины хэрэглээг бууруулахад чиглэсэн эрүүл мэндийн зорилтуудад хувь нэмэр оруулах зорилгоор тамхины бүтээгдэхүүнүүдэд татварын бодлого, шаардлагатай үед үнийн бодлого авч хэрэгжүүлэх” гэж заасан байдаг. Тус баримт бичигт тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга хэмжээг тодорхойлж, улс орнууд тамхины онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлэх тодорхой үүргийг хүлээдэг байна. Мөн Монгол Улсын Их Хурлаар 2003 онд хэлэлцэн баталсан Тамхины Хяналтын Суурь Конвенци, Монгол Улсын Их хурлын 2012 онд баталсан Тамхины хяналтын тухай хууль, Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх хянах үндэсний 2 дахь хөтөлбөр”-т Тамхины онцгой албан таварыг нэмэгдүүлж, тамхины хэрэглээг бууруулах, улмаар хүн амыг эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тусгасан байдаг.
Дэлхийн хүн амд тулгамдаад байгаа нийгмийн эрүүл мэндийн хамгийн том асуудал бол тамхидалт юм. Тамхидалт нь 6 секунд тутамд нэг хүнийг, насанд хүрэгчдийн 10 хүн тутамд нэгийг, жилдээ 5 сая хүнийг үхэлд
хүргэж байна. Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр хүн амын тамхины хэрэглээ буурч,амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, нас баралтын тоо багасна. Тамхины татварыг хэрхэн нэмэгдүүлснээс шалтгаалан жилд1058-3385 хүний амийг аврах боломжтой. Мөн хүүхэд өсвөр үе, залуучуудыг тамхинд донтохоос сэргийлэх, тэдний тамхины хэрэглээг багасгах чухал ач холбогдолтой. Иймд онцгой албан татварын тухай хуулийн 6 болон 7 дугаар зүйлд заагдсан тамхинд ноогдох онцгой албан татварын хэмжээг хэмжих нэгж тус бүрт (100 ширхэг янжуур тамхинд, 1 кг дүнсэн тамхинд ) 2 дахин нэмэгдүүлэхээр шинэчлэн тогтоох хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад байна.
Онцгой албан татварын хэмжээг 50 хувь нэмэгдүүлснээр төсвийн орлогод 75 тэрбум төгрөг, 75 хувь нэмэгдүүлснээр 146 тэрбум төгрөг, 100 хувь нэмэгдүүлснээр 183.5 тэрбум төгрөг өмнөх оны татварын орлого дээр нэмэгдэх боломжтой. Манай улсад тамхинаас үүдэлтэй хүн амын өвчлөл, нас баралт өндөр байна. Сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах тохиолдол 2 дахин нэмэгдэж, нас барсан 3 хүн тутмын нэгнь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэгнь хорт хавдрын улмаас нас барж байна гэсэн үзүүлэлт гарсан. Эдгээр өвчлөлүүд нь бүгд тамхитай холбоотой юм. Манай улсын хүн амын тамхины хэрэглээнд 2013 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 27 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи татдаг байсан байна. Тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх
юм. Тамхины үнэ өсөхөд өсвөр насны болон залуучуудын тамхины хэрэглээ эрс буурдаг хэмээн хууль санаачлагч хэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
202.179.8.*
erka
2016-05-05 13:58
маш зөв гэж бодож байна гадуур явахад автобусны буудал гудамжжар зөрөх хүмүүс бүгд тамхины утаагаар утаж байна маш хэцүү иргэд их хохирч байна тамхины хууль хэрэгжихгүй байна гэж бодогдож байна0 0 Хариулах