Сонгуулийн систем жижиг 76 болж өөрчлөгдлөө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр шөнийн 22:00 цагт хуралдаж Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 72.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Өөрчлөлт оруулснаар бараг тодорхой болоод байсан нэг мандаттай 76 тойргийн системээр сонгуулиа зохион байгуулахаар болж байгаа юм.
Түүнчлэн УИХ-ын 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг 75.9 хувийн саналаар хүчингүй болголоо. Учир нь хуучин хуулиар намуудын нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхэлж ирэх даваа гаригт дуусах ёстой байсан ч Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбоотойгоор боломжгүй болсон тул уг хугацаанд өөрчлөлт орлоо.
УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, "Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхэлж ирэх долоо хоногийн нэг дэх өдөр гэхэд дуусах байсныг УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авсантай уялдуулан баталсан хуулийн шинэ зохицуулалтаар энэ сарын 23-ны өдрөөс эхлэхээр хойшлуулж байгаа. Ингэснээр нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд боломж олгож байгаа. Харин аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажил нэг дэх өдөр гэхэд дуусна” гэж хэллээ.
Ингэснээр намууд тавдугаар сарын 20-23-ний хооронд УИХ-д өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах болж байна.
Цэцийн дүгнэлтээр орон нутгийн сонгууль хөндөгдөөгүй тул нэр дэвшүүлэх хугацаанд өөрчлөлт орохгүй учраас ирэх даваа гаригт багтаан орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг
тодруулах ажиллагааг хуулийн хугацаанд нь багтаах ёстой боллоо.