Дугаартайгаа шилжих үйлчилгээг энэ онд багтаан нэвтрүүлэх үүргийг Ерөнхий сайд өглөө
Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад өнөөдөр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нар оролцлоо.
Улс орны эдийн засгийн хөгжлийг түүчээлдэг чухал салбар бол мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар. 2016 он технологийн болон хөгжлийн том шийдвэрүүдийг гаргах хариуцлагатай жил. Иймд энэ хоёр агентлагийн дарга нарт зарим үүрэг даалгавар өгөхөөр “Шийдлийн цаг”-т урьсан гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэллээ.
Үүрэн холбооны салбарт 4G үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг хийх учиртай. Нэг оператор компани туршилтаар хийж эхэлсэн. Бусад компаниуд ийм үйлчилгээг хэзээ нэвтрүүлэх гэж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тодруулахад,
Энэ үйлчилгээнд шилжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ дагуу оны эхэнд гар утасны оператор дөрвөн компанид тусгай зөвшөөрлийг нь олгосон. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас Юнител компани 4G үйлчилгээний туршилтын цацалтыг хийж эхэлсэн. Iphone утасны хувьд нэмж тохиргоо хийгдэх тул нэгдсэн зөвшөөрөл гаргахаар операторууд хамтарч ажиллаж байна. Зургадугаар сард багтаж Iphone хэрэглэгчдийн гар утасны тохиргоо хийгдэнэ. Мобиком компани энэ сард, бусад операторууд хоёрдугаар улиралд багтаж 4G үйлчилгээг нэвтрүүлнэ
гэж Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэллээ.
Гар утасны дугаараа өмчилж оператор компаниа сонгох үйлчилгээг иргэд сонирхон хүлээж буй. Үүнийг зохицуулах хууль батлагдсан. Хэрэгжилт нь ямар байгаа талаар Харилцаа, холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн,
-2014 оноос энэ ажлыг эхлүүлсэн. 2014 оны долдугаар сард УИХ-ын чуулганаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хууль хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Оператор компаниудын удирдлагуудтай таван удаагийн уулзалт хийсэн гэлээ. Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо энэ ажлыг гардан зохион байгуулахгүй бол хууль хэрэгжих боломж бага байгааг Б.Балгансүрэн хэлсэн юм. Энэ ажлыг тус хороо гардан зохион байгуулж, энэ онд багтаан дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх үүргийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өглөө.
Хөдөө, орон нутгийн иргэд интернэтийн үйлчилгээг Улаанбаатар хотынхтой ижил үнэ, ижил хурдаар ашигладаг болох ажлыг зохион байгуулах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Үүний үр дүнд интертийн хэрэглээ орон нутагт нэмэгдэж байна. Өсөлт нэг дахин нэмэгдсэн, Улаанбаатарынхтай ижил үнээр интернэт ашиглах асуудлыг энэ сард эцэслэн шийднэ. 21 аймаг интернэтийн үйлчилгээ авч байгаа, 30 гаруй сум интернэтэд холбогдсон, бусад сумыг интернэтэд холбох ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Зургадугаар сард багтаан сумдыг интернэтээр холбох ажлыг эцэслэн шийдвэрлэнэ
гэж Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэллээ.
Улаанбаатарын гэр хорооллыг интернэтэд холбох ажил орхигдоод байна. Гэр хорооллын айл өрхөд интернэт хүргэхэд технологийн ямар шийдэл хэрэгтэй талаар энэ уулзалтаар ярилаа. Гэр хороололд интернэт хүргэх дэд бүтэц татах, 4G үйлчилгээгээр дамжуулж өндөр хурдны интернэт оруулахаар судалгаа хийж байгаа юм байна.
4G үйлчилгээг энэ оны гуравдугаар улиралд жигдрүүлэх
, дугаартайгаа шилжих үйлчилгээг Харилцаа холбооны газар хариуцан ажиллаж энэ онд хэрэгжүүлэх, үндэсний роуминг үйлчилгээний туршилтыг тавдугаар сард хийж, энэ онд нэвтрүүлж эхлэх, хөдөөд интернэт ашиглах боломжтой болсонтой холбоотойгоор Монголын цахилгаан холбоо компани болон сүлжээ компаниудын марктингийг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулах, гэр хорооллын айл өрхүүдэд интернэт үйлчилгээг хүргэх, чанарыг сайжруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд танилцууулан шийдвэрлүүлэхийг агентлагийн дарга нарт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ”Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.