Сүхбаатарын хоёр тойргийн нэгийг нь хасч Увс аймагт нэмэхийг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр МАН бол АН-ын гишүүдийн хооронд ширүүхэн маргаан болов.
Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсэн дээрх төсөлд 48 мандат орон нутагт, 28 мандат нийслэлд ногдохоор зааж өгсөн юм. Ингэснээр Говь-Алтай, Булган зэрэг аймгууд нэг мандаттай байхаар орж ирсэн бол хүн амын хувьд адилхан шахуу аймаг Хэнтий аймаг гурван мандаттай орж ирсэн нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн эсэргүүцэлтэй тулж байна. МАН-ын бүлгийн гишүүд “Сонгуулийн ерөнхий хороо нэг намын захиалгаар ажиллаж, тойргийн мандатыг оруулж ирлээ
. Зарчим барьж орж ирсэн бол асуудал иймдээ тулахгүй байсан” гэж нэгдсэн байр сууриа илэрхийлсэн бол СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээ энэ бүхнийг харгалзан үзэж, тойргийн асуудлыг оруулж ирсэн. Хэн нэгний нөлөөнд автаагүй. Автах ч ёсгүй” гэсэн хариулт өгөв.
Харин Н.Алтанхуяг гишүүн “МАН-ынхан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг захиалгаар хийчхээд зүүдэлж сэрсэн ашигтай хувилбараа хэрэгжүүлнэ гээд сууж байна. Монголын төрд сүүлийн 13 жил сонгуулиас зургаан сарын өмнө хууль өөрчилсөн явдал байхгүй.
МАН-ынхан үүнийг захиалга өгч хийлгэсэн. МАН-ынхан энэ заваарсан явдлаа яагаад АН руу чихээд байгаа юм бэ" гэлээ.
Энэ үеэр Ардчилсан намын бүлэг Увсын хоёр тойргийг 3 болгох, Сүхбаатарын хоёр тойргийг 1 болгох санал гаргасан.
Гэвч УИХ-ын гишүүн Ч.Хрэлбаатар “2012 онд Увсаас хоёрхон гишүүн гарсан. Угаасаа тэр онд хоёр тойрог л байсан байхгүй юу. Тэгэхээр тэр хоёр тойргоор нь Сонгуулийн ерөнхий хороо оруулаад ирсэн. Та сонгогдож байсан тойргоо орхиод Увс руу явах гэж нэг тойрог нэмж оруулж ирэх гэж байгааг бид нар бүгдээрээ мэдэж байгаа. Тэгэхээр ажлын хэсэг дээр Увс аймгийн тойрог, сумуудыг өм цөм зурсныг хэн зурсан гэхээр мэдэхгүй гэж та битгий худлаа ярьж бай. Өчигдөржингөө танай намын Гарамгай бил үү хэн билээ түүний өрөөнд бүгдээрээ л зурцгаасан ш дээ. 2012 онд хоёр тойрогтой байсан. Чойжилсүрэн бид хоёрыг амиа бодсон гэж юу яриад байгаа юм бэ” гэж хэллээ.
Ингээд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн гаргасан Сүхбаатар аймгийн нэг мандатыг хасаад Увс аймагт нэмэх санал гаргасан. Харин уг саналыг ТББХ-ны гишүүдийн олонх нь дэмжлээ.Хэрвээ уг санал чуулганаар батлагдвал Сүхбаатар аймаг 1, Увс аймаг 3 мандаттай болж өөрчлөгдөх юм.
-
121.128.200.*
Зочин
2016-05-12 15:57
Zavaarsan yum hiij bhiin.0 0 Хариулах