'Сайн хашаа' хөтөлбөрийг 200 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Улаанбаатар хотыг хөрсний бохирдол, утаанаас салгах арга бол гэр хорооллыг барилгажуулах явдал. Өнгөрөгч даваа гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууц голлосон хороолол хөгжүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох “Сайн хашаа” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх журмыг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айлууд өөрийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэхэд нь зориулж 10 сая хүртэлх төгрөгийн 5 хувийн хүүтэй зээлийг олгоно. 200 мянга гаруй хашаатай айлуудаас эхний ээлжинд хөрс, утааны хамгийн их бохирдолтой хэсэгт амьдарч байгаа 69200 өрхийг
хөтөлбөрт хамруулна. Хэрэгжилтэд зориулж 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргахаар шийдвэрлэсэн.
Цаашид айлуудын хашаанд инженерийн дэд бүтцийг бий болгох ажил үе шаттайгаар үргэлжлэн хэрэгжинэ гэж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэллээ.
Зээл авах үндсэн шалгуур нь Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд нийцсэн байх. Өөрөөр хэлбэл нийслэлийн болон дүүргийн хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийцсэн дэд бүтцийг байгуулах гэв. Хашааны газрыг барьцаалж олгох тус зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох юм байна. Зээл авахад айлуудын өөрсдийнх нь санаачилга чухал гэдгийг онцлоод олон айл хөрш нийлж хөтөлбөрт хамрагдвал илүү оновчтой
гэдгийг Засаг дарга хэллээ. Хөтөлбөрт хамрагдах иргэд хүсэлтээ аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан байгууллагад гаргаж, сайжруулсан гэр хорооллын бүсэд хамаарах тухай тодорхойлолт авч хөтөлбөрт оролцогч шаардлага хангасан компаниас сонголтоо хийн, банкинд хүсэлтээ тавих замаар банк зээлийг иргэний сонгосон компанид шилжүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
103.10.22.*
иргэн
2016-05-14 17:53
Бат-Үүлийн сонгуулийн шоу байлгүйдээ,Өмнө нь ярьж байсан гэр хорооллийг дахин төлөвлөлт хийж орон сууцжуулах ажил хиййгдээгүй л байна шүү дээ0 0 Хариулах
-
203.169.50.*
Иргэн
2016-05-13 07:57
Сонгуулийн шоу биш биз?0 0 Хариулах