Улаанбурханы өвчлөлт 30 хувиар буурсан
Энэ долоо хоногийн “Сайдын цаг” уулзалтад Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа оролцлоо. Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдсан хууль болон УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон хуулийн төслүүдийн талаар салбарын сайд танилцууллаа.
Тэрээр хэлэхдээ “6 дугаар сарын сүүлээр болох эрүүл ахуйчдын улсын зөвлөгөөнөөр шинээр батлагдсан Эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам, дүрмийг хэлэлцэж, санал авна. Эм, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууулийг 6 дугаар сарын 3-наас мөрдөж эхэлнэ. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 3 жил хүртэлх хугацаагаар эмчлэх эрхийг хасч, наян сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл хоёроос найман жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан нь санаатай үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээний ял оногдуулахаар байгаа юм. Иймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр тусгасан” гэж хэллээ.
Мөн Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Хууль батлагдсанаар нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож, даатгалын хураамжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хувиар тооцон эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага хамтран төлж, багийн хариуцлага хүлээх, алдаагүй олон жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд төлсөн шимтгэлийн тодорхой хувийг буцаан олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх юм.
Улаанбурхан өвчний тархалт буурч байна. Өнөөдрийн байдлаар өвчлөл 30 гаруй хувиар буурч, Халдвар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчдийн тоо зуугийн дотор орж ирлээ. Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх хүүхдийн тоо 30 хүрч байсан бол өнөөдөр арав боллоо
. Нэмэлт дархлаажуулалтад 531 мянган хүн хамрагдсан нь нийт вакцинжуулалтад хамрагдах хүмүүсийн 83.2 хувийг эзэлж байна. Нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 31-ийг хүртэл сунгаж хийхээр шийдвэрлэсэн гэж Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа хэллээ
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба