Засгийн газар

АСЕМ-ын 20 жилийн ойн дурсгалын хөшөө байгуулна

А.Сэвжид news.trends.mn
2016-05-27 10:53

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил, дагалдах хурлууд түүний зохион байгуулалтын асуудлаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, орлогч дарга Л.Оргил, Б.Баясгалан нар өчигдөр “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөл байгуулагдсанаас хойш жил гаруйн хугацаанд өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг байрлуулах хотхон байгуулах, зочид буудлуудыг чадавхжуулах, хот тохижуулах, мэргэжилтэй ажилчид болон сайн дурын ажилтнуудыг бэлтгэх зэрэг хэд хэдэн чиглэлээр бэлтгэл ажил өрнөж байна.

Нэн түрүүнд зочдод анхны сэтгэгдэл төрүүлэх Монгол Улсын үүд хаалга болсон “Чингис хаан” ОУНБ-ын тохижилтын ажилд чухал ач холбогдол өгч, ИНЕГ өөрсдийн төсвийн хөрөнгөөр 21.7 тэрбум төгрөг санхүүжилт хийн, “Чингис хаан” ОУНБ-ын хөөрч буух зурвасын цемент бетон хучилтын 500 метрийн хүчитгэлийн ажил болон агаарын хөлгийн 9 зогсоол шинээр барих ажлуудыг хийгээд байна. Ингэснээр тус буудал нийт 34 агаарын хөлгийг байршуулах хүчин чадалтай болсон төдийгүй транзит заалыг шинээр ашиглалтад оруулжээ.

Улаанбаатар хотын тохижилтын хүрээнд нийт 13 гудамж, талбайд засвар, тохижилтын ажил хийж байна. Мөн Нийслэлийн захирагчийн албанаас  АСЕМ-ын 20 жилийн ойн дурсгалын хөшөө байгуулахаар ажиллаж байна.

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцох төр, засгийн тэргүүн нарын байрлах “АСЕМ Вилла” хотхоны барилга, тохижилтын ажил дууссан бөгөөд ногоон байгууламж, цэцэгжүүлэлтийн ажил ид өрнөж байна. Уг хотхонд ажиллах үйлчилгээний ажилчдыг сонгон шалгаруулж, мэргэшүүлэх сургалтад хамруулж эхэлжээ. Албан ёсны төлөөлөгчид байрлах 40 гаруй түнш зочид буудал бэлтгэлээ ханган захиалгаа аваад эхэлсэн бөгөөд захиалгын нэгдсэн систем бүхий i-Нotel цахим бүртгэл asem11.mn цахим хуудаст байршиж байгаа юм.

Дээд хэмжээний уулзалтын зочид төлөөлөгчдөд зориулж “Нүүдэлчдийн наадам” соёл урлаг, үндэсний спортын арга хэмжээ зохиохоор бэлтгэж байна. Үүний хүрээнд хамгаалалтын бүс дэх камержуулалт  гэрэлтүүлгийг сайжруулах,  наадам болох “Чингисийн хүрээ” жуулчны бааз хүртэлх 3.4 км авто зам болон 400 машины багтаамжтай автомашины зогсоол байгуулах ажил хийж байгаа юм.

Хүний нөөц бэлтгэх ажлын хүрээнд Хөдөлмөрийн яамтай хамтран нийт ажилгүй 800 иргэнийг мэргэжил олгох сургалтад хамруулахаас 472 иргэн сургалтыг амжилттай төгсөн “Чадамжийн гэрчилгээ” аваад байна. Тэдгээрийн  80 хувь нь буюу 377  иргэнийг ажлын байранд зуучлаад байгаа юм. Мөн АСЕМ-ын түнш зочид буудлаар сонгогдсон зочид буудлуудын үйлчилгээний 1800 гаруй ажилтнаас 700 ажилтанг сургалтад бүрэн хамруулсан,  үлдсэн 800 ажилтныг хуваарийн дагуу  5 дугаар сарын 30-наас сургалтад хамруулж эхлэх аж.  

Дээд түвшний уулзалтын үеэр “Шангри-Ла” цогцолборт ажиллах Хэвлэлийн төвийн тохижилтын ажил үргэлжилж байна. Уг төвд  гадаад дотоодын 800 орчим  сэтгүүлч ажиллах бөгөөд Европын өргөн нэвтрүүлгийн холбоо /EBU/-тэй хамтран Дээд түвшний уулзалтыг олон улсад шууд дамжуулах, сэтгүүлчдэд шаардлагатай дүрс, зураг түгээх зэрэг ажлыг хариуцах юм.