МАН-аас нийт 16 эмэгтэй нэр дэвшихээр боллоо
МАН-ын бага хурал 315 гаруй гишүүнтэй. Хурлын явцад танхимаас нэр дэвшигчдийг шинээр дэвшүүлэх боломжтой эсэх талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодруулахад тэрээр “Энэ боломжгүй. Бид маш хариуцлагатай хандаж байна. Мандат тус бүрт дор хаяж хоёр нэр дэвшигч байхаар жагсаалт бэлтгэлээ” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Баянзүрх дүүргээс нэр дэвших тодорхой байна.
Өмнөх сонгуулиар МАН нийслэлд ялагдал хүлээсэн. Иймд энэ сонгуулиар нийслэлд заавал ялалт байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэдгийг дурдлаа.
Энэ удаагийн сонгуульд МАН-аас нийт 16 эмэгтэй нэр дэвших болсныг Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон мэдээллээ.
Тэрээр Хөвсгөл аймгаас нэр дэвших аж.
Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Хан-Уул дүүргээс нэр дэвшихээ энэ үеэр зарлалаа.
Сонгуулийн тухай хуулийн дагуу намууд өнөөдөр нэр дэвшигчдээ албан ёсоор батлах ёстой.
Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:
"МАН сонгуулийн хуулийн дагуу өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулах гэж байна. Дөнгөж түрүүхэн МАН-ын удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 хүнээ эцэслэж баталлаа. Намын дарга яг одоо бага хуралд эдгээр хүмүүсийн нэрсийг танилцуулна. Өнөөдөр 24 цагаа өмнө нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Тийм учраас бүх зүйл хуулийн хүрээнд явна” гэж мэдэгдлээ. Яг одоо МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.