МАН-ын нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авлаа
УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр Төрийн ордонд батламжаа гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд 12 нам, гурван эвсэл, 69 бие даагч нийт 498 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Тэгвэл өнөөдрийн нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах үйл ажиллагаанд АН-аас бусад улс төрийн нам, эвсэл, бие даагчид оролцлоо.
МАН мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газар хамгийн түрүүнд аваачиж хянуулсан. Түүнчлэн СЕХ-нд УИХ-д оролцохоо ч нэгдүгээрт илэрхийлж, энэ жишгээрээ нэр дэвшигчийн батламж, үнэмлэх авах арга хэмжээнд манлайлж оролцлоо. Энэ бол УИХ-ын 2016 оны сонгуульд өнгөтэй, түрүү байранд уралдахын шинж хэмээн сайнаар дүгнэх хүмүүс цөөнгүй байна. МАН-ынхан нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсны дараа дурсгалын зураг татуулсан юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ “Сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа. Хамгийн гол нь сонгууль булхай, луйваргүй хуулийн хүрээнд болох ёстой гэдэг зарчмыг МАН баримталж байгаа. Манай нэр дэвшигчид нийгмийн бүх үеийг хамарсан, олонхи нь шинэ залуу нэр дэвшигчид байгаа. Тэгэхээр иргэдийн дунд сонгуулийн булхайгүй болоосой гэсэн хүсэл байна. СЕХ аль нэг нам, эрх баригчдад үйлчлэх ёсгүй гэсэн байр суурийг дэмжиж байгаа. Сонгууль болоод өнгөрөхөд маргааныг шүүх, хууль хүчний байгууллагаар иргэдийн сонголтыг өөр тийш нь эргүүлдэг үйл ажиллагаа байж болохгүй” гэлээ.