АСЕМ-ыг угтаж Сангийн сайд нарын уулзалт болно
Ирэх долдугаар сарын 15-наас 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн XI хурлыг угтаж нийт есөн арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөсөн бөгаад эхний хоёрыг нь Монгол Улс амжилттай зохион байгуулаад байна. Үүнд өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр чуулган болон тавдугаар сард болсон АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт зэрэг нь багтаж байгаа юм.
Харин хуваарийн дагуу эдгээр есөн арга хэмжээний гурав дахь нь болох Ази-Европын Сангийн Сайд нарын уулзалт энэ сарын 9-10-ны хооронд буюу энэ пүрэв, баасан гаригуудад Улаанбаатар хотноо болох гэж байна. Сангийн сайд нарын хуралд Европын улс орнуудын болоод Япон улсын Сангийн сайд зэрэг тухайн улсынхаа эдийн засаг, валют санхүүгийн бодлогод гол нөлөө бүхий өндөр төлөөлөл Монгол Улсад айлчлах аж. Энэ нь бүс нутгийн санхүү эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, улмаар АСЕМ-ийн хурлыг амжилттай зохион байгуулах чухал үүрэгтэй хурал бөгөөд Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг тус хурлын зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байгаа юм байна.