18 нас хүрээгүй иргэд хувьцаагаа худалдах боломжгүй
Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдаж авах шийдвэрийг өчигдөр Монгол Улсын Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
“Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлснээр иргэдийн Тавантолгой орд газрын хувь эзэмшил баталгаажиж, гүйлгээнд орон мөнгөжихөөс гадна эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, иргэдийг орлогожуулах, Тавантолгой төслийг эрчимжүүлэх, ард түмний амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн борлуулалтад эерэгээр нөлөөлнө гэсэн зорилготойгоор энэ шийдвэрийг гаргасан гэдгийг тэрбээр мэдээллийн эхэнд онцлов.
Тэрээр үрэглжлүүлэн “Энэ шийдвэр 2012 онд гарсан. Үүний дагуу 2012 оны 4 дүгээр сарын 11-ны өдрөөс өмнө Монгол Улсын иргэний бүртгэлтэй байсан бүх иргэдэд 1 сая төгрөгийн хувьцаа эзэмшүүлсэн. Түүнээс хойш тодорхой тооны иргэдэд буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад энэ мөнгийг санхүүжүүлж олгосон. Үлдсэн 2.4 сая иргэнийх хувьцаа хэлбэрээр байршиж байгаа.
Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэний эзэмшиж байгаа 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1072 хувьцааны эхний ээлжинд 30 хувьтай тэнцэх хувьцааг 300, 426 төгрөгөөс иргэдээс холбогдох журмын дагуу шууд худалдан авах, цаашид 70 хувьтай тэнцэх хувьцааг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан худалдан авах зохицуулалтыг Засгийн газар хийлээ. Энэ нь санхүүгийн зах зээлийг хөл дээр нь босгох зорилготой юм. Цаашид Монгол Улсын иргэд бирж дээр байгаа өөрийнхөө дансуудыг цахим хаяг ашиглан идэвхжүүлээд биржийн ажиллагаанд өдөр бүр чөлөөтэй ордог болох тогтолцоог бий болгосны дараа хоёр дахь үе шат буюу 70 хувьтай тэнцэх хувьцааны олголтын ажиллагаа бий болно гэж үзэж байгаа.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Хөрөнгийн Бирж дээр 70 хувьтай тэнцэх хувьцаа нээлттэй арилжаалагдсан, зах зээлийн нөхцөл байдал сайжирсан үед хувьцаагаа худалдсан иргэнд анх худалдсан үнээрээ буцаан худалдан авах эрхтэй байхаар зохицуулалт хийсэн.
Хувьцааг худалдан авах үйл ажиллагаа 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ. Иргэдийн ачааллыг хөнгөвчлөх үүднээс хэрэгжилтийг арилжааны банкуудаар дамжуулан хийх юм. Ингэснээр банкууд иргэдийн хүсэлтийг бүртгэн Монголбанкны үндэсний цахим гүйлгээний төвөөр дамжуулан Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт өдөр бүр хүргүүлнэ.
Хувьцаа худалдан авах үйл ажиллагаанд хувьцаатай иргэд буюу 30 хувиас доошгүй хувьцааны үлдэгдэлтэй, өөрөөр хэлбэл 322 ширхэгээс дээш хувьцаатай иргэд хамрагдана. Харин урьд нь хувьцаагаа зарсан хүмүүс хамрагдахгүй байхаар зохицуулагдсан. Мөн энэ хувьцаанд насанд хүрсэн иргэдийг хамруулахаар шийдвэрлэсэн.
18 нас хүрээгүй иргэд төрөөс өгсөн хувьцаагаа насанд хүрсэн хойноо өөрсдөө захиран зарцуулах эрхийг өгөх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс 6 дугаар сарын 13-наас иргэдийн хүсэлтийг хүлээн авахад 18 нас хүрсэн иргэн хамрагдах боломжтой юм гэлээ.
-
211.36.131.*
Ролд
2016-06-10 15:59
Зүгээр зайл чи0 0 Хариулах