СЕХ: 17:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 55 хувьтай байна
Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. 17:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 55 хувийн ирцтэй сонгуулийн санал хураах үйл ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ. Үүнээс хамгийн өндөр ирцтэй нь Увс аймгийн 31-р тойрог 81.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Харин сонгуулийн санал хураах явцад нэр дэвшигчдийг жагсаалтаас хасах тухай гурван хүсэлт ирснийг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд хуралдаж цаг тухайд нь шийдсэн байна. Тухайлбал УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч Ц.Оюунсайханыг Шүүхийн шийдвэр үндэслэн нэр дэвшигчийн жагсаалтаас хассан
гэдгийг энэ үеэр хэллээ.
Харин МАН-аас нэр дэвшигч Х.Болорчулуун, Д.Оюунхорол нартай холбоотой асуудлыг Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүх тогтоосон ч давж заалдах хугацаа дуусаагүй байгаа тул нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасаагүй, иргэд үргэлжлүүлэн саналаа өгч болно гэв. Харин санал хураалт дууссаны дараа СЕХ шийдвэрээ гаргаж, эгүүлэн татах эсэхийг шийдэх боломжтой гэдгийг дурдлаа. Мөн зарим аймгуудад саналын хуудас дутсан тохиолдлууд гарсныг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоол гарган асуудлыг тухайн үед нь шийдсэн байна.